Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий Төв, аймгийн нутгийн зарим газраар бороо орж, Өмнөговь аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +20+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30+35 градус, бусад нутгаар +24+29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, +23+25 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-ны өдөр Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар, 21, 22-ны өдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 23-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-ний өдрөөс ихэнх нутгаар халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө +4+9 градус, өдөртөө +18+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19+24 градус, өдөртөө +34+39 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +14+19 градус, өдөртөө +29+34 градус, бусад нутгаар шөнөдөө +9+14 градус, өдөртөө +24+29 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 20 дугаар хороо, Сэлбийн 1 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 08:02 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 11.5 км замыг туулан 08:15 цагт очиход тус тоотод иргэн Е-ийн 5х11 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймаг, Сайнцагаан сум. Арвижих багийн Зоогийн 5 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны  өдрийн 12:40 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:42 цагт очиход иргэн У-ын “Уаз 220692” загварын суудлын автомашины хянах самбар шатаж байсныг  3 минут ажиллаж унтраасан. 

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 4 дүгээр багийн “Зангиат” хорооллын 3 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 12:58 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 13:01 цагт очиход тус тоотод иргэн М-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Увс аймаг, Улаангом сум. 1 дүгээр багийн 8 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 14:43 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 14:48 цагт очиход тус тоотод иргэн Б-ын 6х8 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Мандал сум. Түнхэл баг дахь “Шонхор” зуслан /аймгийн төвөөс зүүн урд зүгт 289 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 65 км-т/ зуслангийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг  06.18-ны өдрийн 19:12 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 19:44 цагт Түнэл сум дахь цагдаагийн хэлтэстэй утсаар холбогдож 7х7 метрийн хэмжээтэй зуслангийн байшин шатаж дууссан тухай мэдээллийг авсан тул ангиас гарсан бүлгийг замаас нь буцаасан бөгөөд тус хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч тухайн газарт очиж нөхцөл байдалтай нь танилцсан.  

Ховд аймаг, Булган сум. Далт баг дахь Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн гадна түлээний мод шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 19:37 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 19:39 цагт очиход тус сургуулийн хашаанд 2м3 орчим хэмжээтэй хураалгаатай түлээний мод шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.          

Өмнөговь аймаг, Манлай сум. Жаргалант багийн “Гучин-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 290 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ 06.18-ны өдрийн 18:00 цагийн орчим 1 гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 20:29 цагт хүлээн авсан.

Манлай сумын харьяат малчин Л-ийн 5 ханатай гэр нь шатсан тухай мэдээллийг тус сум дахь цагдаагийн хэсгээс аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хороо,  “Хөх тэнгэр” хотхонд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 21:54 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 10.5 км замыг туулан 22:09 цагт очиход тус тоотод иргэн Ш-ийн 40 тн чингэлэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.    

Баянхонгор аймаг, Баянхонгор сум. Эрдэнэмандал багийн 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 00:29 цагт  хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 00:34 цагт очиход иргэн М-ын 5 ханатай гэр шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 21 дүгээр хороо,  “361 дүгээр гарам”-ын задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 03:20 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 29 км замыг туулан 03:48 цагт очиход иргэн Д-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 4 дүгээр хороонд хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 03:23 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 03:25 цагт очиход орн сууцны орцны хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Баян-Өлгий аймаг, Бугат сум. 3 дугаар багийн “Хасбаатарын хөшөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 13 км, сумын төвөөс зүүн урд зүгт 6 км-т/ 6 хүн зугаалж явсанаас “Ховд” голын усанд 2 хүн ороод 1 хүн нь живсэн тухай дуудлагыг 06.11-ний өдрийн 19:25 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид иргэн Д/26 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 06.18-ны өдрийн 09:00 цагаас мөн өдрийн 21:50 цаг хүртэл Бугат сумын 3 дугаар багийн “Хасбаатарын хөшөө” гэдэг газраас 4 дүгээр багийн “Шар нуур” гэдэг газар хүртэл “Ховд” голын усаар завиар, голын эрэг дагуу явганаар 27 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, эрэн хайх ажиллагааг зогсоосон.  

Голын усанд суусан: Архангай аймаг, Хангай сум. Баян-Улаан багийн “Өртөнгийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 221 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 120 км-т/ Хангай сумаас Тариат сумын чиглэлд зорчиж явсан 4 зорчигчтой суудлын автомашин “Гичгэнэ” голын усанд  суусан тухай дуудлагыг 06.18-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 70 км замыг туулан 14:38 цагт очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б “Тоёота 4 раннер” загварын суудлын автомашинтай “Гичгэнэ” голыг гатлах гэж байгаад усанд сууж, зорчигч Э/35 настай, эрэгтэй/, Б/35 настай, эрэгтэй/, Б/35 настай, эрэгтэй/ нарын хамт автомашиныхаа бүхээг дээр гарсан байсан тул аврах завь ашиглан иргэдийг аюулгүй газарт гаргаж, автомашиныг 18:35 цагт татан гаргасан. 

4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Үер: Хэнтий аймаг, Бор-Өндөр. Өлгий багийн “Өндөр-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 182 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ 06.18-ны өдрийн 20:00 цагийн орчим усархаг бороо орсны улмаас үерийн ус жоншны уурхайн 30-40 орчим метрийн гүнтэй цооног руу урсан орж, тухайн үед уурхайн гүнд ажиллаж байсан 2 ажилтан гарч ирж чадаагүй тухай дуудлагыг 06.18-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 20:50 цагт очиход жоншны уурхайн 30 метрийн босоо, 18 метрийн хөндлөн уурхайн цооног үерийн усаар дүүрсэн байсан бөгөөд уурхайн гүнд ажиллаж байсан ажилтан Ж /40 настай, эрэгтэй, Бор-Өндөр сумын харьяат/, С /33 настай, эрэгтэй, Бор-Өндөр сумын харьяат/ нар гарч ирж чадаагүй тухай мэдэгдсэн тул “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрээс 11 квт-ын хүчин чадалтай 1 насос авчирч суурилуулан 03:35 цагт усыг соруулах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд 06:30 цагийн байдлаар уурхайн амнаас доош 11 метр хүртэлх усыг соруулаад байна. Мөн “Баргилт”-ын уурхайгаас 400 квт-ын хүчин чадалтай 1 насос татан авчруулж байна.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар 06.19-ний өдрийн  05:20 цагт Хэнтий аймгийн чиглэлд хөдөлсөн.

5. Бусад:

Цогцос гаргах: Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хороо, Тэрэлжийн “Туул голын гүүр” гэдэг газар “Туул” голын усанд 1 хүний цогцос хөвж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 10:28 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 14 км замыг туулан 11:28 цагт очиход иргэн Ш /62 настай, эрэгтэй, Налайх дүүргийн харьяат/-ийн цогцос голын усанд хөвж байсныг 5 минут ажиллан гаргаж, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

         

scroll to top