Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Сэлэнгэ аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар +21…+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33…+38 градус, бусад нутгаар +27…+32 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 3-8 м/с. Өдөртөө +30…+32 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +22…+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +21…+26 градус, өдөртөө +34…+39 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +15…+20 градус, өдөртөө +30…+35 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +26…+31 градус дулаан байна. 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нөөс нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Сэлбэ гал гарч байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 09:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, 2 дугааар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 02:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 10х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх баг, “Ханхар давааны-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 186 км, сумын төвөөс урд зүгт 30 км/-т хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.20-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнуудыг очиход га хээрийн талбай шатаж байсныг тус багийн иргэд ажиллаж 16:01 цаг бүрэн унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. 

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Цас шаварт суусан: Увс аймгийн Тариалан сумын Бургастай баг, “Солтон” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 37 км, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км/-т суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 06.20-ны өдрийн 11:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход аялал жуулчлалын чиглэлээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Хөвсгөл аймгийн чиглэлд иргэн R /25 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Ланд Круйзер -80” загварын суудлын автомашин /тус улсын 3 зорчигчтой/ шаварт суусан байсныг 14:45 цагт татан гаргасан.

5.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга – Шороон шуурга: Архангай аймгийн Хашаат сумын Баян баг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км, сумын төв/-д06.20-ны өдрийн 14:30 цагийн орчимд 18-24 м/сек хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Ерөнхий боловсролын сургууль болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэр хийсч унасан тухай мэдээллийг тухайн өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд очиж нөхцөл байдалтай танилцсан.

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Урантолгой баг, “Бор шанд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 50 км, сумын төвөөс зүүн урд зүгт 5 км/-т 06.20-ны өдрийн 18:40 цагийн орчимд 18-20 м/с хүрч хүчтэй шороон шуурга, шуурсны улмаас малчин Б-ын 5 ханатай гэр нурж дахин ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга тухайн өдрийн 20:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд тухайн өдрийн 20:10 цагт очиж нөхцөл байдалтай танилцсан.

Үер: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Өлгий багийн Өндөр-Овоо гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 182 км, сумын төвөөс баруун хойд зүгт 5 км/-т 06.18-ны өдрийн 20:00 цагийн орчим усархаг бороо орсны улмаас ус жоншны уурхайн 30-40 орчим метрийн гүнтэй босоо ам руу урсаж орсон бөгөөд тухайн үед уурхайн гүнд ажиллаж байсан 2 ажилтан гарч ирээгүй тухай дуудлагыг 06.18-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчид, Уул уурхайн аврах анги, тус сумын Засаг даргын Тамгын газар, “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид жоншны уурхайн 31 метрийн босоо, 30 метрийн хөндлөн урттай уурхайн гүнд ажиллаж байсан Ж /40 настай, эрэгтэй/, С /33 настай, эрэгтэй/ нарыг гаргахаар ажиллаж, уурхайн аманд хуримтлагдсан нийт 650 м3 усыг соруулж гаргасан. Уурхайн гүний 3 дугаар түвшний хэвтээ малталтын аманд үерийн усаар орсон шавар, чулууг цэвэрлэж, усыг шавхаж 31 дэх метрийн гүний 30 метрийн хөндлөн малталтын урд зүгт 30 дахь метрээс 06.20-ны өдрийн 11:10 цагт иргэн С, 11:40 цагт Ж нарын цогцсыг олж гарган тус сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top