Европ сүүлийн хэдэн арван жилд бусад тивээс илүү хурдан дулаарч, агаарын температур дэлхийн дунджаас хоёр дахин хурдан нэмэгдэж байна гэж Дэлхийн цаг уурын байгууллагын шинэ тайланд мэдээллээ.
Өнгөрсөн найман жилд дэлхийн температур тогтмол дээд үзүүлэлтэд хүрснээр түүхэнд хамгийн халуун үе болж тэмдэглэгдэн үлдсэнийг “Европын Уур амьсгалын байдлын тайлан-2022” харуулсан байна.
Тухайлбал, 2022 он дэлхийн түүхэнд тавдугаарт бичигдэх хамгийн халуун жил байсан бөгөөд дэлхийн янз бүрийн бүс нутгуудад урьд өмнө бүртгэгдэж байгаагүй халуун температур ажиглагдсан юм. Ялангуяа, Европт хамгийн халуун зун тохиож, 2021 онд бүртгэгдсэн өмнөх дээд үзүүлэлтийг 0.3-0.4 хэмээр эвдсэн байна.
Мөн Их Британи зэрэг орнууд орших Баруун Европт хэт халж, агаарын температур түүхэндээ анх удаа 40 хэм давжээ. Түүнчлэн Европын эргэн тойрны далай тэнгисийн гадаргуу орчмын дундаж температур түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн байна.
Өнгөрсөн онд тивийн хэмжээнд цаг агаарын үзэгдлүүдийн улмаас 16 мянган хүн амиа алдсаны 99.6 хувь нь хэт халууны улмаас нас баржээ.
Дэлхийн далайн дундаж түвшин 1993-2022 онд ойролцоогоор 9.7 см-ээр нэмэгдсэн байна. Тайланд дурдсанаар, далайн түвшин нэмэгдэх явц ч мөн хурдасаж байгаа бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд жилд дунджаар 4.2 мм-ээр нэмэгджээ.
Цаг уурын мэргэжилтнүүд цаашид температурын өсөлт үргэлжилнэ гэж таамаглаж байгааг Европын Холбооны /ЕХ/ Коперникийн нэрэмжит Уур амьсгалын өөрчлөлт судлалын газрын дарга Карло Буонтемпо тэмдэглэсэн байна.
“Харамсалтай нь үүнийг нэг удаагийн үзэгдэл эсвэл цаг уурын гаж үзэгдэл гэж үзэж болохгүй” хэмээн тэрбээр хэлээд, хэт халалтын давтамж, эрч цаашид улам нэмэгдэх магадлалтай байгааг сэрэмжлүүлжээ.