Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх, хүч хэрэгсэл, автомашин техник тоног төхөөрөмжийн хангалт сүүлийн жилүүдэд онцгой дээшилж байна. Өнгөрсөн онд Онцгой байдлын салбарт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж орчин үеийн автомашин, техник, тоног төхөөрөмжөөр шинэчлэгдсэн.
Харин 2016 онд Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар нь Бүгд найрамдах Австри Улсын Розенбаур Интернейшнл компанитай Монгол Улсын гал түймэртэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх, аврах, гал унтраах ажиллагааны автомашин, дагалдах хэрэгслийг нийлүүлэх гэрээ-г байгуулсан.
Энэ хүрээнд Онцгой байдлын албанд 5 сая еврогийн өртөг аврах, гал унтраах зориулалтаар ашиглагдах Галын үндсэн албаны 4 тонны автомашин 4 ш, үндсэн албаны 2 тонны автомашин 4 ш, аврах албаны автомашин 1 ш, шатны автомашин 1ш, ой, хээрийн түймэр унтраах автомашин 6 ш, нийт евро стандартын 16 ш автомашин, мөн 2015 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Номин трейдинг” ХХК-ийн нийлүүлсэн 4,6 тэрбум төгрөгийн өртөгтэй БНСУ-д үйлдвэрлэгдсэн гал унтраах тусгай зориулалтын 12 автомашин нийт 28 автомашиныг дагалдах багаж хэрэгсэл, техникийн хамт хүлээн авлаа.
Эдгээр автомашин техникийг 21 аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Мэргэжил дээшлүүлэх давтан сургалтын төв, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст хуваарилан хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр ОБЕГ- т боллоо.
Уг арга хэмжээнд Монгол улсын шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Австри Улсын Розенбаур Интернейшнл компанийн Ази номхон далайн бүсийн асуудал хариуцсан худалдааны менежер Хелберт Бачгер, Номин трейдинг компанийн зөвлөх н.Шагдарсүрэн нарын холбогдох албаны хүмүүс оролцов.
Дээрхи автомашин, техник тоног төхөөрөмжийг хүлээн авснаар Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхи өмнө жилийнхээс 2,3 дахин өсч, парк шинэчлэл эрс дээшилж байгаа юм.
Эдгээр галын үндсэн албаны болон аврах ажиллагааны автомашинууд нь манай орны эрс тэс уур амьсгалд тохирсон, Монгол Улсын захиалгаар үйлдвэрлэгдсэнээрээ онцлог юм.
Онцгой байдлын ерөнхий газар
2016.03.16