Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа

IMG_1387-2.jpeg

Бүгд найрамдах Франц улсын Европ, гадаад хэргийн сайд Катрин Колонна ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус анги нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран хэрэгжүүлж буй агаараас аврах ажиллагааны анги нэгж байгуулах төслийн хүрээнд  байгуулагдан, Airbus EC-145 С-2 загварын 3 нисдэг тэрэг, нисгэгч нарыг сургах бага оврын “Cabri G-2” нисдэг тэрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч, эмнэлгийн яаралтай тусламжийн баг бэлтгэх сургалтыг БНФУ-ын Иргэний хамгаалалтын мэргэжилтнүүд удирдан зохион байгуулж, нийт 16 алба хаагч сургалтад хамрагдсан гэрчилгээтэй болж, аврах ажиллагаанд бие даан үүрэг гүйцэтгэж байна.

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги нь 2021 оны дөрөвдүгээр сарын 22-нд анхны нислэгээ үйлдснээс хойш өнөөдрийг хүртэл 64 удаагийн шуурхай дуудлагыг хүлээн авч, иргэдийн амь насыг авран хамгаалах тусгай үүргийн нислэгийг гүйцэтгэн, 91 иргэнийг /том хүн-61, хүүхэд-30/ эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Мөн Хэнтий аймгийн Батширээт сум болон Минжийн хангайд гарсан ой, хээрийн түймрийн голомтод гал сөнөөгчдийг хүргэх, агаараас тандалт хийх нислэгүүдийг гүйцэтгэж, түймрийг шуурхай цаг алдалгүй унтраахад нисдэг тэргээр алба хаагчдыг түймрийн голомтод хүргэсэн.

 Энэ үеэр  нисдэг тэрэгтэй өндрөөс аврах ажиллагааны үзүүлбэр  болон танилцах нислэгийг зохион байгууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top