Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +24…+29 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +35…+40 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар +30…+35 градус, бусад нутгаар +27…+32 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 30-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-наас нийт нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +24…+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +22…+27 градус, өдөртөө +37…+42 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө +19…+24 градус, өдөртөө +33…+38 градус, бусад нутгаар шөнөдөө +14…+19 радус, өдөртөө +29…+34 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 48 дугаар байр хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 22:59 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүрэгийн 24 дүгээр хороо, Өвөр Гүнтийн задгайд байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 07:02 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэн тодорхойгүй 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 1 дүгээр давхрын баруун хана, таазны хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраан тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэж өгсөн.

Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн “Лааны булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 8 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 19:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 12х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 21:25 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход /5 давхар орон сууцны 1 дүгээр давхар, эзэн тодорхойгүй/ тагтан дээр эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраан Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 23:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн “Бэрх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 400 км, сумын төвөөс зүүн урд 20 км, Тэс сумаас баруун урд зүгт 70 км/-т ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид, Баянтэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтинууд, орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж 07.27-ны өдрийн 09:56 цагт цурамд оруулж, 21:00 цагт бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 2 га орчим талбай өртсөн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өндрөөс унах: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Чулуутын хавцал гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 140 км, сумын төвөөс баруун хойд зүгт 18 км, Тариат сумаас зүүн зүгт 40 км/-т Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд аялж явсан иргэн М /30 настай, эрэгтэй/ нь “Чулуут” хавцлаас хөл алдан унаж сураггүй болсон тухай дуудлагыг 07.27-ны өдрийн 23:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд аялж явсан иргэн М /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 07.28-ны өдрийн 06:24 цагт “Чулуут”-ын хавцлаас цогцсыг олж гарган тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

 Цас шаварт суусан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн “Гурван салаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 215 км, сумын төвөөс баруун зүгт 8 км/-т “Хараа” голын усанд ачааны автомашин суусан гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус сумын харьяат А /52 настай, эрэгтэй/, Г /42 настай, эмэгтэй/  нар “Зил-131” загварын ачааны автомашинтай “Хараа” голын усанд суусан байсныг 22 минут ажиллаж завиар 2 иргэнийг аюулгүй газарт гаргасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багийн Хараа амралт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 215 км, ангийн байрлалаас төвөөс зүүн урд зүгт 7 км/-т “Хараа” голын усанд ачааны автомашин суусан гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Мандал сумын харьяат, иргэн М /25 настай, эрэгтэй/, Х /19 настай, эрэгтэй/ нар “Хараа” голд “Зил-131” загварын ачааны автомашинтай голын усанд боогдсон байсныг 52 минут ажиллаж завиар 2 иргэнийг аюулгүй газарт гаргасан.

5.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Үер – Уруйн үер: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 5 дугаар гудамжинд байшин усанд автсан гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 19:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 6х10 метрийн хэмжээтэй байшин үерийн усанд автсан байсныг 20 минут ажиллаж усыг соруулж гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top