Үер, усны нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээлэл өглөө.
Тэрбээр “Наймдугаар сарын 1,2-нд орсон усархаг аадар борооны улмаас хэд хэдэн аймгуудад уулын үер авто замын зорчих хэсэгт орж ирж, айл, аж ахуйн нэгж өртсөн тохиолдол бүртгэгдлээ. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд уруйн үер бууж, айлын гэр урсаж хоёр хүний амь нас эрсэдсэн харамсалтай тохиолдол гарсан. Дөнгөж сая Налайх дүүргийн зургадугаар хороо буюу Тэрэлжийн гүүр орчимд дэлгүүр, зорчих хэсэг рүү уруйн үер орж ирж, авто зам давсан. Дүүргийн удирдлагууд болон авто замын компаниуд ажиллаж байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр борооших төлөвтэй байгаа. Өнгөрсөн өдрүүдэд болсон хэт халалтын араас бороо орж байгаа учир уулын үер буух эрсдэлтэй гэдгийг өнгөрсөн удаа мэдээлж байсан. Нутгийн хойд хэсгээр бороошиж, урд хэсгээр хэт халалт үргэлжлэх төлөвтэй байгаа тул ард иргэд нөөлөг салхи, уруйн үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн усны ослын тохиолдлууд тасралтгүй бүртгэгдсээр байна” гэлээ.