Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад бороо орсон. Бусад нутгаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх орчим,  Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +26…+31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +31…+36 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 5, 6-нд нутгийн хойд хагаст, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр аагим халуун үргэлжилж, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16…+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +21…+26 градус, өдөртөө +33…+38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +26…+31 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 5 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 08.02-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ын 4 метр урттай хашаа шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо гараашаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 08.02-ны өдрийн 18:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 8х12 метрийн хэмжээтэй автомашины гарааш дотор цахилгаан халаагуур шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизаны сангийн аж ахуйн Өндөр хааны 3 дугаар гудамжинд малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 08.02-ны өдрийн 21:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 10х18 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Ногоочдын нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 08.03-ны өдрийн 05:26 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 2х1 метрийн хэмжээтэй нүхэн жорлон шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3: Ой, хээрийн түймэр:

– Ой, хээрийн түймэр: Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн Арын-Үзүүр гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 305 км, сумын төвөөс хойд зүгт 60 км/-т Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 07.30-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид, Баянтэс сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж 07.30-ны өдрийн 17:43 цагт түймрийг цурамд оруулж, 08.02-ны өдрийн 14:30 цагт бүрэн унтраасан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, цонхон дээр 1 эмэгтэй хөлөө гаргачихсан амиа хорлохоор уйлаад сууж байна гэсэн дуудлагыг 08.02-ны өдрийн 09:54 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн У/32 настай, эмэгтэй/ нь амиа хорлох зорилготой сууж байсныг 5 минут ажиллаж эсэн мэнд буулган Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.

5.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6, 40 дүгээр хороо гэр, байшин руу үерийн ус орсон тухай дуудлагыг 08.02-ны өдрийн 15:35, 16:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн байшин руу үерийн ус орсон байсныг 45 минут ажиллаж, Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид иргэн Н-ийн 5 ханатай гэр лүү үерийн ус орсон байсныг 1 цаг ажиллаж үерийн усыг соруулж гаргасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Буянт, Баатархайрхан,Бугат, Алагтолгой, Хайрхан, Бичигт багийн нутаг 08.02-ны өдрийн 17:20 цагаас эхлэн 15 минутын турш түр зуурын усархаг бороо орсны улмаас айл өрхүүд усанд автсан тухай дуудлагыг 08.02-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, мэргэжлийн ангийнхан Жаргалант сумын 6 багийн 30 айл, өрхийн 22 гэр, хашаа, 5 байшин, 4 зоорийн давхар үерийн усанд автсан байсныг усыг соруулах, иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулан ажилласан.

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн Ойчдын 4 дүгээр гудамжинд/аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км, сумын төвөөс зүүн урд зүгт 3 км/-т 08.01-ний өдрийн 00:45 цагаас 08.02-ны өдрийг хүртэл үргэлжлэн орсон дуу цахилгаантай, хүчтэй аадар борооны улмаас айлын гэр, хашаа үерийн усанд автсан тухай дуудлагыг 08.02-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход Санжинт багийн Ойчдын 5 айл өрх үерийн усанд автсан байсныг 1 цаг 46 минут ажиллаж суваг, шуудуу ухаж, шороон далан босгож үерийн усыг гаргасан.

Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн Хавчиг гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 120 км, сумын төвөөс урд зүгт 40 км/-т Ховд аймгийн Жаргалант сумаас Мөст сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин үерийн усанд урсаж боогдсон, 1 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 08.02-ны өдрийн 18:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б “Волтз” загварын суудлын автомашин /6 зорчигчтой/ үерийн усанд урсаж, боогдсон байсныг аюулгүй газарт гарган, иргэн Г /54 настай, эмэгтэй/ үерийн усанд урссан байсныг анх осолдсон газраас баруун хойд зүгт 200 метр зайтай газраас цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид 06:00 цагт шилжүүлэн өгсөн.

Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн “Хойд шилийн хясаан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт  140 км, сумын төвөөс баруун хойд 120 км 2 гэр, 1 автомашин /2 зорчигчтой/ үерийн усанд урссан тухай дуудлагыг 08.02-ны 23:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид очиж иргэн Б /45 настай, эрэгтэй/-ийн “Приус-20” загварын 1 зорчигчтой суудлын автомашин үерийн усанд урсаж, сураггүй болсон байсныг иргэн А /63 настай, эрэгтэй/-г анх урссан газраас баруун хойд зүгт 500 метрийн зайд эсэн мэнд байсныг олж, мөн өдрийн 04:35 цагт иргэн Б/45 настай, эрэгтэй/-ийн цогцсыг анх осолдсон газраас баруун хойд зүгт 3.5 км зайд Гүвээ багийн “Цагаан бургасангын хэв” гэдэг газраас цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top