Г.Ганбаатар:Хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалдаг буянтай ажил хийж байгаадаа урамшдаг

45539-500-280.2.jpg

Ж.Мишээл

newspress.mn сайтын энэ удаагийн “Гэрэл түгээе” буланд Нийслэлийн аврах ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч Г.Ганбаатарыг онцоллоо.

-Сайн байна уу. Та бидэнд өөрийгөө танилцуулна уу. Онцгой байдлын албанд хэдэн жил ажиллаж байна вэ?

-Сайн байна уу. Намайг Гансүхийн Ганбаатар гэдэг. Би Онцгой байдлын байгууллагад ажиллаад 19 жил болж байна. 2005 онд анх усны дуудлагад ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш түймэр, обьектын дуудлага гээд олон дуудлагад ажиллаж байгаа.

Нийслэлийн аврах анги нь зам тээврийн дуудлага, өндрөөс амиа хорлолт, усны дуудлага, жижиг обьект, ахуйн дуудлагад очиж үүрэг гүйцэтгэдэг. Ерөнхийдөө хэр баргийн хүн хийхгүй хүнд, эр зориг, тэвчээр шаардсан ажил тул сэтгэл зүйн бэлтгэлтэй, бие бялдрын зөв хөгжилтэй хүмүүс аврах ажиллагаанд оролцдог. 

-Та яагаад энэ салбарт ажиллах болсон бэ? Ойр дотны хүмүүсээс нь Онцгой байдлын байгууллагад ажилладаг хүн бий юу?

-Ойрын хүмүүсээс энэ салбарт ажилладаг хүн байгүй. Энэ их буянтай ажил санагддаг.

Хүний эд хөрөнгө, алтан амь насыг авран хамгаална гэдэг их буянтай ажил шүү дээ. Аварч хамгаалсан хүмүүсээс магтаалын үг, “Баярлалаа” гэдэг үг сонсоход л их урам авдаг.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Би өглөө ажилдаа ирээд, бууж байгаа бүлгээсээ ээлж хүлээж авна. Мөн албан хаагчдадаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулаад, дадлага сургуулилтад оруулдаг. Хэрэв дуудлага ирвэл гарахад бэлэн, бэлтгэлээ хангаад байж байдаг юм. Аврагчид 24 цаг үүрэг гүйцэтгээд 72 цаг амардаг. 

Одоогоор манайд 45-46 аврагч ажиллаж байгаа. 24 цаг үүрэг гүйцэтгэхдээ хоёр бүлэг ажилладаг. Нэг бүлэг нь усны дуудлагаа хариуцдаг буюу Туул гол дагуу эргүүл хийж, үүрэг гүйцэтгэдэг. Үлдсэн нэг бүлэг нь нийслэл доторх зам тээвэр, өндрөөс амиа хорлолт, ахуйн ослуудаа хариуцаад үлддэг. 

-Бусдыг авран хамгаалахын тулд өөрөө эрсдэж болзошгүй ажил шүү дээ. Та эрсдэлт нөхцөл байдал орж байсан уу?

-Албан үүргээ гүйцэтгэж байхад төрөл бүрийн дуудлага дээр очдог. Аврах ажиллагаанд орохдоо сэтгэл зүйн бэлтгэлтэй байж, аюулгүй байдлаа сайн хангах хэрэгтэй байдаг.

Би Тайширын цахилгаан станцын ойролцоо усанд шумбаж, нэрвэгдэгч хайж яваад 15 метрийн гүнд ганцаараа гацаж байсан. Усны гүнд хоёр хөл өвдөг хүртлээ лаг шаварт ороод гацчихсан. Анхны дуудлага байсныг ч хэлэх үү, эхлээд их сандарч, “Ингээд үхдэг юм байжээ” гэж бодсон. Дараа нь өөрийгөө тайвшруулж, хүндрүүлэгчээ ластаа тайлж, хантаазаа хийлээд уснаас гарч чадсан.

Мөн нурангин дор ажиллаж байсан. Нурангины дор нэг хүн бэлхүүсээрээ зоогдчихсон, аврах гэтэл дээрээс эрэг нь нурах гээд байсан. Тэр хүн доор “Намайг авраарай, намайг аваач” гээд орилж байгаа юм. Би “Энэ хүнийг л гаргаж байвал би яахав” гэж бодоод, дээрээс нурах гэж байгаа зүйлсийг ч мартаад, тэр хүнийг эсэн мэнд гаргаж авч байсан. 

-Аюулд орсон хүнээ аварч чадахгүй тохиолдол ч байдаг байх?

-Ер нь, дуудлага бүхэн хэцүү. Ууланд, усанд нэрвэгдсэн хүмүүсээ хоёр гурван хоног эрэн хайгаад, олохгүй тохиолдолд их хэцүү байдаг. Нэг зүйл дутуу хийчихсэн мэт санагдаад, их эвгүй байдаг юм. Хэрэв олчихвол бид бөөн баяр болдог.

Аврах ажиллагаа явуулаад хүнээ эсэн мэнд гаргаад, ар гэрт нь хүлээлгэж өгөх урамтай, таатай байдаг. 

-Ажлыг нь ар гэрийнхэн нь хэрхэн хүлээж авдаг вэ? 

-Анх манай гэрийнхэн намайг түймэрт, усанд явлаа гэхэд “Одоо энэ ажлаасаа боль. Их хэцүү юм байна.“Яваад хэрэггүй юм биш үү” гэдэг байсан. Харин одоо энэ албандаа ажиллаад 18-19 жил болчихсон болохоор манай гэрийнхэн миний бүх ажлыг мэддэг болчихсон. Намайг байхгүйд ар гэрээ зохицуулдаг сайн ханьтай болохоор тайван байдаг.

Онцгой байдлын албанд орсондоо би их баярладаг. 

-Онцгой байдлын албаныхан олон улсын тэмцээнд оролцдог уу?

-Аврах анги олон улсын тэмцээнд оролцдоггүй, дотоодын тэмцээнд оролцдог. Манай ангийн хувьд, “Нийслэлийн аврах ангийн аварга шалгаруулах тэмцээн”-нд 2022 онд амжилттай оролцож, шилжин явах цом хүртсэн. Одоо ч энэ цомоо алдаагүй байгаа. 

Манайд болдог тэмцээнүүд дандаа ус, эмнэлэг, аврах ажиллагаа багтсан, багаар ажиллах чадвар шаардсан, мэргэжлийн тэмцээнүүд байдаг.

Миний хувьд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Марш тэмцээнд 2017 он хүртэл тасралтгүй оролцсон. Мөн ОХУ-д болсон аврагчийн тэмцээнээс цом хүртэж байсан.

-Аврах ажиллагааны дуудлагад явж байхад хүндрэлтэй зүйл тохиолддог уу?

-Дуудлагад явахад хүндрэлтэй зүйл нь түгжрэл байдаг. Мөн байр, хотхонуудын дунд машинууд машин орох зайгүй тавьчихсан байдаг. Энэ нь их хүндрэлтэй. 

Дуудлагаар бид урсгал сөрөөд, дохио дуугаргаад явж байхад чихэвчтэй хүүхдүүд урдуур гүйж орж ирчихгээд хэцүү байдаг юм. Бас зарим машиныг дугаараар нь зарлаад, баруун тал руугаа зайгаа шахаад өгөөч гэхэд сонсдоггүй. Иймэрхүү хүндрэлтэй нөхцөл байдал их гардаг. 

Жолооч нартаа хандаж хэлэхэд, дохио хангинуулсан маяктай тэрэгнүүддээ боломжоороо зам чөлөөлж, хоёр тийшээ болж өгөхийг уриалж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж:newspress.mn

scroll to top