“Онцгой байдлын байгууллагын залуу офицерууд”-ын чуулга уулзалтыг зохион байгуулж байна

viber_image_2023-08-09_11-29-26-000.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган” ирэх есдүгээр сард болохтой холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас “Онцгой байдлын байгууллагын залуу офицерууд”-ын чуулга уулзалтыг зохион байгуулж байна.

Чуулга уулзалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 120 орчим алба хаагч оролцож байгаа бөгөөд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай нээж үг хэллээ.

Тэрбээр “Онцгой байдлын байгууллагын үнэт зүйл болсон хүний нөөцийн хөгжлийн асуудалд байгууллагын удирдлага анхаарал хандуулан алба хаагчдаа дэмжих, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сурч боловсрох, ахуй хангамжийг сайжруулах зорилгоор Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн бодлого, алба хаагчдын  сургалт хөгжлийн болон ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах хөтөлбөрийг  боловсруулан хэрэгжүүлж байгаа нь тодорхой үр дүнд хүрч байгаа билээ.  Онцгой байдлын алба жилээс жилд чадварлаг боловсон хүчнээр хүний нөөцөө бэхжүүлж байгаагийн нэг жишээ бол өнөөдөр нийт алба хаагчдын 61,5 хувь нь 35-аас доош насны залуучууд ажиллаж байна. Онцгой байдлын байгууллагын залуу офицеруудын манлайлах, мэргэжлээрээ бахархах, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, урам зоригийг сэргээх, нийгмийн идэвхийг өрнүүлэх тэдний гэр бүл, хөгжлийг дэмжих, олон нийтэд сурталчлан таниулахад чиглэсэн олон ажил, арга хэмжээг “Залуу офицер-Манлайллын жил”-ийн хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах бусад байгууллагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлж байна.  Онцгой байдлын албаны төлөө залуу халуун нас, билиг оюун, хүч хөдөлмөрөө зориулсан ахмад үеэсээ суралцаж, тэдний үйл хэргийг нэр төртэй үргэлжлүүлж, эзэмшсэн мэргэжил, мэдлэг оюун, ур чадвараа дайчлан ажиллаж, харилцан бие биесээ хүндэтгэж, эх орноо гэсэн сэтгэл, албаа гэсэн итгэлээр манлайлж явахыг залуу офицерууд та бүхнээс хүсье” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.

Чуулга уулзалтад оролцогчдод төрийн албан хаагчийн ёсзүйн хандлага, төлөвшил болон хувь хүний хөгжлийн талаар мэдээлэл өгсөн юм.

Мөн оролцогчид Онцгой байдлын байгууллагын залуу офицеруудын манлайллын нийтлэг зарчим, агуулгыг тодорхойлох, хамтын ажиллагааг бэхжүүлж нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийг бий болгоход алба хаагчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий нэгдсэн зөвлөмжийг хэлэлцэн, гаргалаа.

Онцгой байдлын байгууллагын залуу офицеруудын чуулга уулзалт “Шилдэг залуу” офицер шалгаруулах уралдаанаар энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top