Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Орхон, Увс, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр +21…+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +28…+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +31…+36 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.  Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлэийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг зуслан хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 08.08-ны өдрийн 17:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Баянбулаг зуслангийн задгайд хогийн цэгт хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Намянжү” сауны хашаан дотор хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 08.08-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут багийн 21 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.08-ны өдрийн 10:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 8х8 метрийн хэмжээтэй сүүний үйлдвэрийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 1А гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.08-ны өдрийн 14:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн 15 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.08-ны өдрийн 17:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 4х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

 – Голын усанд осолдсон: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн “Гахайн байр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 8 км/-т “Хэрлэн” голд 1 хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орсон тухай дуудлагыг 08.08-ны өдрийн 21:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Ц /50 настай, эмэгтэй/ нь “Хэрлэн” голд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлох зорилгоор орсон байсныг 8 минут ажиллаж эсэн мэнд гарган аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Гантөмөрт хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Гүн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 37 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/-т “Гүн” нууранд 1 эрэгтэй хүн осолдсон тухай дуудлагыг 08.08-ны өдрийн 15:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Т /24 настай, эрэгтэй/ нь нуурын усанд сэлэхээр ороод живсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 17:20 цагт анх осолдсон газраас зүүн хойд зүгт 7 метр зайд, 3.5 метр гүнээс цогцсыг олж гарган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчид шилжүүлэн өгсөн.

4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн “Цагаан-Өндрийн шанд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 231 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/-т 08.06-ны өдрийн 21:40-22:30 цагийн хооронд аадар бороо орсоны улмаас 156 толгой мал үерт урсаж хорогдсон. Тус сумын харьяат малчин М-ын 6 тугал, 150 хонь үерт урсаж хорогдсон тухай мэдээллийг Угалзат багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт 08.08-ны өдрийн 10:25 цагт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top