1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудад бороо орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с. Монгол-Алтайн уулархаг нутгаар +15…+20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +21…+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар +32…+37 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно, салхи баруун хойноос 4-9 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +23…+25 градус дулаан байна.
Төлөв байдал: 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19…+24 градус, өдөртөө +33…+38 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +28…+33 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +22…+27 градус дулаан байна. 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангай багийн “Наран”-ийн гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.13-ны өдрийн 18:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн А-ийн 4х6 метр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны “Цагаан даваа”-ны задгай ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.13-ны өдрийн 22:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн “Портер” загварын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны “Задгай” хог шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 01:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж 10 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Булган аймгийн Сайхан сумын Угалз багийн “Хунтын рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т “Хунт” нуурын шаварт биеэ эмчлэх гэж нуур луу орсон иргэн Б живсэн тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Булган аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид 08.13-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 13:23 цаг хүртэл иргэн Б /41 настай, эрэгтэй/-ыг “Хунт нуур”-ын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эргээс 30 метр, 2.5 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Өлзийт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 12 км-т/ тогтоол усанд тоглож байсан 3 хүүхдээс 1 хүүхэд живсэн тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 18:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход эмээгийндээ амарч байсан нийслэлийн М /9 настай, эрэгтэй/-ыг тогтоол усанд живж нас барсан тул цогцсыг 19:45 цагт гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Баянхонгор аймгийн Баянговь сумын Далай багийн “Жаргалантын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 166 км-т, сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ Тус сумын харьяат малчин Б 08.12-ны өдөр явганаар мал хариулж сураггүй болсон тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин Б /37 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:20 цагт тус багийн “Ар жаргалант” гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 3 км/-аас эсэн мэнд олсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР