“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн дугаарт Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Б.Цогтбаярыг урьлаа. Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 26 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. 1996 онд Дорнод аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийн /одоогийн Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар/ Гал унтраах 052 дугаар ангид гал сөнөөгчөөр томилогдон ажлын гараагаа эхлүүлсэн. Улмаар Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангид салааны захирагч, тус газарт Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гал түймрийн улсын хяналтын гэрээт байцаагч, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, Зүүн бүсийн Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх тасгийн дарга, бүсийн шуурхай удирдлагын зохицуулагчаар ажиллаж байгаад 2021 оноос тус газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн даргаар ажиллаж байна.
–Солонгын 7 өнгөнөөс өөрийгөө аль өнгөтэй зүйрлэх вэ? Яагаад энэ өнгөтэй зүйрлэх болов?
Цэнхэр өнгөтэй зүйрлэдэг. Тэнгэр заяат Монголчууд гэдэг шүү дээ. Цэнхэр өнгө тэнгэрийн өнгийг бэлгэддэг, мөн үнэнч ёсыг илэрхийлдэг. Орчин цагийн Онцгой байдлын албаны онцлогийг харуулсан онцлог өнгө.
-Хүний хүсэл, сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу?
Шүхрээр бууж үзэх юмсан гэж хүсдэг байлаа. Тухайн үед шүхэрчин болгох сургалт явагдаж байсан ч явах боломж гараагүй, яваагүй дээ харамсдаг. Мэдээж бас аялах дуртай. Монгол орныхоо бүх сайхан байгаль, түүхийн дурсгалт газруудаар аялахыг хүсдэг.
-Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэр өөрчлөгдсөн бэ?
Хүүхэд байхдаа бүжгийн дугуйланд явдаг байлаа. Ер нь мундаг бүжигчин болно гэж мөрөөддөг байсан. Одоо бол хоёр хүүхдийн аав, гэр бүл, үр хүүхдүүдээ эрүүл энх, сайн сайхан амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.
-Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтанд хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол?
Хүн бүрт эрхэм чанар байдаг. Миний хувьд удирдлагын үүрэг, даалгаврыг нэг талаас тушаал гэж хүлээж авдаг, нөгөө талаасаа итгэл гэж ойлгодог. Тиймээс аливаа үүрэг, даалгаврыг биелүүлэхдээ сэтгэл гаргаж хийвэл итгэл, хүндлэл, амжилт авчирдаг гэж боддог.
–Магтаал, шүүмжлэл хоёрын аль нь таныг хурцалдаг вэ?
Аль аль нь хурцалдаг. Магтаал гэдгийг би ойлгохдоо хүний сайн сайхан зүйлийг сайшаах, сайн шинж чанарыг магтахыг хэлдэг байх гэж боддог. Магтаалаас урам зориг авч улам эрч хүчтэй ажилладаг. Нөгөө талаасаа ажил хийж байгаа хүн алдаа гаргадаг, тиймээс шүүмжлүүлэх, зэмлүүлэх, ширүүн үг ч хэлүүлэх үе зөндөө. Тэр бүхнээс сургамжтайг нь авч, өөртөө дүгнэлт хийж, ажлаа сайжруулдаг.
-Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Бид өөрсдөө хичээвэл аз жаргал хүн бүрт ойрхон. Өвчингүй бол жаргал, өргүй бол баян шүү дээ.
-Таны бахархал?
Монгол эх орон, Монгол хүн болж төрсөндөө их бахархдаг. Мөн хоридхон насандаа анх энэ байгууллагад орж хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа. Онцгой байдлын албанд хамтран ажиллаж байгаа алба хаагчдаараа бахархан омогшдог доо. Сайхан хамт олон.
-Таныг цэргийн хүнээс гадна өөрөөр юу гэж тодорхойлж болох вэ?
Сайн зөвлөгч гэж тодорхойлж болох юм. Хүн аливаа ажил, аливаа зүйлийг хийхдээ тэр бүр шууд сураад, мэдээд, чадаад хийгээд байдаггүй. Зарим нь их нэрэлхүү асуухаасаа санаа зовдог. Тиймээс хүн бүрт аль болох зөвлөхийг, зөвлөгч нь байхыг хичээдэг.
Эх сурвалж: Онцгой мэдээ сонин