Малчдад туслах зорилгоор МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай хамтран “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд “Хаврын” хамтарсан тоглолтыг энэ сарын 14, 16, 19-ны өдөр “Монгол бөхийн өргөө”-нд тоглоод буй. Тэд дөрвөн өдрийн тоглолтын орлогоороо, түүнчлэн ЕБС-ын сурагчдын болон хувь хүмүүсийн хандиваар нийтдээ 12000 боодол буюу 240 тонн өвс, 40 тонн малын тэжээл, 150 ширхэг 20 литрийн усны сав, 8000 элгэвч, нэмнээг цуглуулсанаа өнөөдөр Чингисийн талбайд Улсын онцгой комисс, Онцгой байдлын албанд хүлээлгэн өглөө.
Хандив тусламжийг гардуулах үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Р.Булгамаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны газрын дарга Л.Эрдэнэчимэг, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян нар оролцов.
Шадар сайд Ц.Оюунбаатар: Засгийн газар дэмжиж ажиллана
– Өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангаж, урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд явуулсны үр дүнд малчид өвлийг өнтэй давлаа. Гэсэн хэдий ч мал төллөж эхлээд буй энэ цаг үед зарим нутгаар хаваржилт хүндрэлтэй байх нөхцөл бүрдээд байгаа тул “Илгээлтийн эзэд” аян цагаа олсон, үр дүнтэй ажил болж байна. Зөвхөн хоёр дуучин нийлээд өдий хэмжээний хандив цуглуулж чадаж байгаа юм чинь, Монгол түмэн нэгдэж зүтгэж чадвал зөвхөн өвөлжилт төдийгүй улс орны хэмжээнд тулгарсан ямар ч асуудлыг даван туулах их хүч бүрэлдэх юм байна гэж харж байна. Иймд ард олноо уриалсан, залуусыг манлайлсан хоёр гавъяатдаа талархаж байгаагаа илэрхийлье. Хоёр дуучин маань Монгол Улсын Засгийн газарт асуудал хүргүүлж, малчдад хэрэгтэй байгаа өвс, тэжээл, нэмнээ, лаа шүдэнзийг баруун аймгууд руу хүргэж өгөх хүсэлтийг тавьсан. Хүсэлтийн дагуу ОБЕГ энэ ажлыг хариуцан зохион байгуулна. Засгийн Газар, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хүнс хөдөө аж ахуйн яам зэрэг холбогдох байгууллага энэхүү хандивын арга хэмжээг бүрэн дүүрэн дэмжиж ажиллаж байгаа.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян: Өвс тэжээлийг өвөлжилт хүндэрсэн аймагт хүргэнэ
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувь нь цас, зудтай байна. Тэр дундаа Увс, Баян-Өлгий, Завхан аймгийн 22 суманд хаваржилт хүндрэлтэй байгаа. Түүнчлэн Хөвсгөл, Архангай зэрэг дөрвөн аймгийн 10 сум цагаан зудтай байна. Тэгэхээр Онцгой байдлын байгууллагаас тусламжаар хүлээж авсан энэхүү ачаа барааг өвөлжилт, хаваржилт хүндэрсэн болон хүндэрч болзошгүй аймагт хүргэх ажлыг даруй зохион байгуулна.
МУГЖ, дуучин С.Жавхлан: Олон хүний сэтгэлийн дэмээр энэхүү 50 машин өвсийг авлаа
-Дөрвөн өдрийн тоглолтын орлогоо тухайн өдөрт нь өвс, тэжээл авахаар гаргасан учраас яг тэдэн төгрөгөөр хэмжигдэх мөнгө цугларсан гэж хэлж мэдэхгүй байна. Маш олон хүний сэтгэлийн дэмээр энэхүү 50 машин өвсийг авлаа. Мөн хувь хүнээс маш их тусламж ирсэн. Албан байгууллага, сургууль, Замын цагдаагийн газар гээд олон аж ахуй нэгж хамтран ажиллалаа. Энэ аян жил бүхэн үргэлжлээсэй. Сүү уудаг Монгол, мах иддэг Монгол л бол мал, малчин, байгаль дэлхий гурваа дандаа хайрлаж явах ёстой.
МУГЖ, дуучин Т.Баясгалан:Орон нутгийн тоглолтын тов гараагүй
-Монгол Улсын Засгийн газар энэхүү аяныг дэмжиж байгаа учраас бид хоёр нягт холбоотой ажиллаж зарим аймаг, суманд хамт очиж, өвс тэжээлийг хүргэе гэсэн бодол байна. Орон нутгийн тоглолт хэзээ эхлэх тухай тодорхой тов гаргаагүй байна.