Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл аймгуудад цас, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ аймгуудад бороо орж, бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи  ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +10…+15 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун  хойноос секундэд 6-11 метр. +7…+9 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи  28-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +14…+19 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +8…+13 градус дулаан байна. 29-нд нутгийн өмнөд хэсгээр, 30-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Баян багийн 22 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 12:22 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 7  км замыг туулан 12:30 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймаг, Хэрлэн сум. 1 дүгээр багийн “Нисэх” хорооллын 13 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 06:56 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 06:59 цагт очиход иргэн С-гийн 4 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 11 дүгээр хороо, “Зайсангийн-Ам” гэдэг газар 3 хүн самарт явснаас иргэн У нь 09.08-ны өдөр буцах замдаа сураггүй болсон гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Ургах наран” хорооллын оршин суугч, иргэн У /39 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг 09.27-ны өдрийн 10:00 цагт дахин эхлүүлнэ.

Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум. Харговь багийн “Бэлийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км, сумын төвөөс баруун хойд зүгт 45 км/-т тус сумын харьяат малчин Х /эрэгтэй, 60 настай/, С /эмэгтэй, 45 настай/ нар 09.26-ны өдрийн 09:00 цагийн орчим явганаар мал хариулахаар гэрээсээ гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 19:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагч, сумын мэргэжлийн ангийнхан 45 км замыг туулан 20:40 цагт очиж тус сумын харьяат малчин Х/эрэгтэй, 60 настай/, С/эмэгтэй, 45 настай/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 21:45 цагт гэрээсээ зүүн хойд зүгт 6 км зайтай газарт эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Цас шаварт суусан: Баян-Өлгий аймаг, Толбо сум. Хонгор-Өлөн 3 дугаар багийн “Буратын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 90 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км/-т Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан аймгийн Нэгдсэн эмнэлгийн автомашин “Буратын даваа”-аас уруудаж яваад зам дагуух жалга руу орж цасанд суусан тухай дуудлагыг 09.26-ны өдрийн 20:20 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Өлгий сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 90 км замыг туулан 22:50 цагт очиход аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Тоёота-Ланд 76” загварын автомашин зам дагуух жалга руу орж цасанд суусан байсныг 15 минут ажиллаж татан гаргасан.

Ховд аймаг, Дуут сум. 1 дүгээр багийн “Өлийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 50 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/-т автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 23:55 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 50 км замыг туулан 02:35 цагт очиход Дуут сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан Б-ын “Киа Бонго-Фронтиэр” загварын ачааны автомашин цасанд суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top