Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Увс, Сэлэнгэ аймгийн нутгийн зарим газраар бороо бага зэргийн орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, нутгийн хойд хэсгээр зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +3+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19+24 градус, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14+19 градус, бусад нутгаар +8+13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, +8+10 градус дулаан байна.

Төлөв байдал:  3-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-ний өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-ны өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 3-ны өдөр говь, талын нутгаар, 6-ны өдөр Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2-7 градус хүйтэн, өдөртөө +8+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4+9 градус, өдөртөө +19+24 градус, бусад нутгаар шөнөдөө -1+4 градус, өдөртөө +12+17 градус дулаан байна. 3-ны өдөр нутгийн зүүн хэсгээр, 5-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-ны өдөр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 4 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 13:41 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 13:43 цагт очиход хогийн цэгт хог шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Бугант тосгоны “Булгийн тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 171 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 73 км-т/ 10.01-ний өдрийн 17:30 цагийн орчим 1 гэр шатсан тухай  мэдээллийг мөн өдрийн 18:24 цагт хүлээн авсан.

Иргэн Э-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатсаныг орон нутгийн иргэд унтраасан тухай мэдээллийг тус сумын Бугант тосгон дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 20 дугаар хороо, “Энканто” хотхонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 20:41 цагт хүлээн авсан.

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 20:59 цагт очиход тус байрны гаднах хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум. Цагаан-Овоо багийн “Жавхлант” хорооллын 10 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 22:54 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 22:56 цагт очиход тус тоотод иргэн Н-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 33 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Мандал сум. Баян-Арцат багийн Энхтайвны гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 00:04 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 00:08 цагт очиход иргэн М-ийн 6х7 метрийн хэмжээтэй байшингийн доорхи 2х3 метрийн хэмжээтэй зоорь шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.   

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 16 дугаар хороо, “Хорго” хотхонд орцноос утаа гарч байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 00:25 цагт хүлээн авсан.       

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 00:32 цагт очиход 12 дугаар давхарт иргэн Ц-ийн байранд цахилгааны утас шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Архангай аймаг, Тариат сум. Хорго багийн “Тахилт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 185 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ тус сумын харьяат иргэн Г нь 09.29-ний өдрийн 02:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд “Дагиналтай” нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.29-ний өдрийн 05:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэн Г/38 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.01-ний өдрийн 08:20 цагаас 19:00 цаг хүртэл “Дагиналтай” нууранд 8 удаагийн шумбалт хийж, “Дагиналтай хад” гэдэг газар 5 км-ийн тойрогт автомашинтай болон явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 10.02-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Номгон багийн “Дэрст булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 37 км-т/ 09.24-ний өдрийн 19:00 цагийн орчим 4 хүн зугаалж явснаас иргэн Э нь сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг Сайхан сумын Сум дундын Цагдаагийн хэлтсээс 09.29-ний өдрийн 12:40 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид ар гэрийнхний хамт тус сумын харьяат Э/61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.01-ний өдрийн 09:45 цагаас 17:50 цаг хүртэл Номгон багийн ‘’Дэрст булан’’ гэдэг газраас “Дурантай толгой”, “Долоон даваа” гэдэг газар хүртэл 8 км-т явганаар, ‘’Загасчны тохой’’ гэдэг газраас “Ганц байшин” гэдэг газар хүртэл усаар нийт 30 км-т завиар урсаж  зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, эрлийг зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top