1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутгаар +9…+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар +18…+23 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө +15…+17 градус дулаан байна.
Төлөв байдал: 14-нд нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй хур тунадас, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16, 17-нд нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +18…+23 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +13…+18 градус дулаан байна. 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч, 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
2. Гал түймэр:
Объектын түймэр: Өмнөговь аймаг, Гурвантэс сум. Урт багийн Задгай Шинээр баригдаж байгаа орон сууцны барилгын зоорийн давхарт савтай хар тос шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 11:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид 0.5 км зам туулан 11:44 цагт очиж 14 минут ажиллаж унтраасан.
Архангай аймаг, Эрдэнэбулган Цагдуулт багийн “Онгоны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 2 км-т/ өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 13:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид, 2 км зам туулан 13:28 цагт очиход иргэн О-ийн 1 тонн өвс шатаж байсныг 44 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1 дүгээр хорооны “Хөх давааны-Энгэр” гэдэг газар гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 16:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 12.5 км зам туулан 16:49 цагт очиход иргэн М-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 3 дугаар хорооны 45 дугаар байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 17:44 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 17:53 цагт очиход иргэн П-ийн орон сууцны байранд буйдан шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймаг, Баянтүмэн сум Жаргалант багийн “Сүүж-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 55 км-т/ ачааны автомашинд ачсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 40 км зам туулан 18:09 цагт очиход Дорнод аймгийн Халхгол сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн М-ийн зүтгүүрийн чиргүүл дээр ачсан 35 тонн өвс шатаж байсныг 7 цаг 11 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Номгон багийн “Дэрс булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 17:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 25 км зам туулан 18:18 цагт очиход иргэн А-ийн 6 ханатай гэр шатаж дууссан байсан. Уг гал түймэрт иргэн М /22 настай эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 12 дугаар хорооны “Сонгино”-ы 19 гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 18:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 6.5 км зам туулан 19:08 цагт очиход иргэн Б-ийн 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 29 дүгээр хорооны 18 дугаар байр хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 22:39 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 5 дугаар хорооны “Яармаг”-ийн 17 дугаар гудамжны 419 тоот гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 01:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 01:29 цагт очиход иргэн Б-йн 4 ханатай гэр, 9х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Орхон аймаг, Баян-Өндөр сум. Говил багийн 14 дүгээр гудамжны Задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 02:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 02:44 цагт, хүч нэмэгдүүлэн ажиллахаар Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 8 км зам туулан 03:25 цагт очиход иргэн Ч-ын 10х60 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг 57 минут ажиллаж тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймаг, Ханх сум. Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 242 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 32 км-т, 51°34’12.0″N 100°12’00.0″E/ 10.13-ны өдрийн 05:04:49 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 10.13-ны өдрийн 05:14 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газраас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Өмнөговь аймаг, Манлай сум. Өгөөмөр багийн “Хүрэн дэл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 270 км, Манлай сумын төвөөс зүүн урд зүгт 50 км, Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс зүүн хойд зүгт 157 км-т/ ачааны автомашины араас бага оврын ачааны автомашин мөргөж 1 хүн автомашины эд ангид хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 10.12-ны өдрийн 20:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 157 км зам туулан 00:30 цагт очиход Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын чиглэлд иргэн О-ийн жолоодож явсан зүтгүүрийн араас мөн чиглэлд 2 зорчигчтой иргэн И-ын жолоодож явсан ‘Портер” загварын бага оврын ачааны автомашин мөргөж нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны харьяат иргэн А/60 настай, эрэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Өндрөөс унах: Өмнөговь аймаг, Даланзадгад сум. Далан багт 4 давхар орон сууцны байрны тагтнаас бага насны хүүхэд унах гээд байна дуудлагыг 10.12-ны өдрийн 23:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 00:10 цагт очиход бага насны хүүхэд Б/6 настай, эрэгтэй/ тагтаас унах гэж байсныг эсэн мэнд буулгаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Номгон багийн “Дэрст булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 37 км-т/ 09.24-ний өдрийн 19:00 цагийн орчим 4 хүн зугаалж явснаас иргэн Э нь сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс 09.29-ний өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 09.29-ний өдрөөс 10.01-ний өдрийг дуустал зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон бөгөөд ар гэрээс нь дахин эрэн хайх ажиллагаа явуулах тухай хүсэлтийг 10.05-ны өдөр хүлээн авсан.
Сум дундын Цагдаагийн хэлтсийн дахин эрэн хайх ажиллагаа явуулах тухай хүсэлтийг 10.10-ны өдөр хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагч, иргэдтэй хамтран иргэн харьяат Э /61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.12-ны өдрийн 11:00 цагаас 20:20 цаг хүртэл 3 бүлэгт хуваагдан ‘’Хар усны тохой’’ гэдэг газраас Хушаат сумын ‘’Бирвааз’’ ‘’Ишгэнт’’ гэдэг газар хүртэл нийт 83 км завиар, голын хаялга, булан, тохой, бут бургас, салаа болон их голоороо урсаж самналт хийсэн. Голын эрэг дагуу явганаар 14 км, автомашинаар 58км газар самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 10.13-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Дорнод аймаг, Баянтүмэн сум. Жаргалант багийн “Хашаатын цаана” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 75 км-т/ Тус сумын харьяат малчин Д 10.11-ний өдрийн 08:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон гэсэн дуудлагыг 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 1 дүгээр застав, Цагдаагийн хэсгийн алба хаагчид нутгийн иргэдтэй хамтран малчин Д/72 настай, эрэгтэй, мартаж, санах өвчтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.12-ны өдрийн 10:45 цагт тус багийн “Хүрээ” гэдэг газар /гэрээс нь зүүн урд зүгт 12 км/-аас эсэн мэнд олсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР