АЮУЛТ ҮЗЭГДЭЛ ОСЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

1.Цаг агаар:

  Өнгөрсөн хоногт:   Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр:  Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0…+5 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, +14…+16 градус дулаан байна.

Төлөв байдал:  17-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 18-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 17-нд говь, талын нутгаар 14-16 м/с, 18-20-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 17-ноос ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +10…+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Төв аймаг, Баян сум. Сант багийн “Бөөрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 93 км, сумын төвөөс баруун зүгт 15 км-т/ малын хашааны дээвэр, хураалттай өвс шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Б-ын 5х10 метрийн хэмжээтэй өвөлжөөний дээвэр, 6 тонн өвс 10.15-ны өдрийн 07:00 цагт шатсан тухай мэдээллийг 11:07 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 2 дугаар хорооны 26 дугаар байрны гадна хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 07:33 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 07:38 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Ховд аймаг, Жаргалант сум. Наран багийн 18 дугаар гудамжинд өвс ачсан автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 12:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 12:27 цагт очиход иргэн Т-ын “Портер” загварын автомашин, 1.5 тонн өвс шатаж байсныг 34 минут ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 72 дугаар байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 14:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 14:22 цагт очиход иргэн Ш-ын орон сууцны байрны тагт дээр дугуй шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 24 дүгээр хорооны “Цахлай”-н 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 17:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 17:36 цагт очиход иргэн Б-ийн 10х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хорооны Задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 19:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 35 дугаар ангийн алба хаагчид 21 км зам туулан 19:59 цагт очиход иргэн Н-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 15 ажиллаж унтраасан.  

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 24 дүгээр хорооны Задгайд хог шатаж  байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 21:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 21:39 цагт очиж 6 минут ажиллаж унтраасан.  

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 20 дугаар хорооны “Эрчим”-ийн 5 дугаар гудамжинд граж шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 22:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 18 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 22:11 цагт очиход иргэн Б-ын 25х12 хэмжээтэй сэндвичин барилга дотор хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.  

3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ

Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Номгон багийн “Дэрст булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 37 км-т/ 09.24-ний өдрийн 19:00 цагийн орчим 4 хүн зугаалж явснаас иргэн Э нь сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс 09.29-ний өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 09.29-ний өдрөөс 10.01-ний өдрийг дуустал зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон бөгөөд эрэн хайх ажиллагааг дахин явуулах тухай хүсэлтийг ар гэрээс нь 10.05-ны өдөр, сум дундын Цагдаагийн хэлтсээс 10.10-ны өдөр тус тус хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид иргэн Э/61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.15-ны өдрийн 11:10 цагаас 18:12 цаг хүртэл “Хушаатын гүүр” гэдэг газраас “Хадан хөндий” гэдэг газар  хүртэл “Орхон” голын усаар 39 км-т завиар, голын эрэг дагуу 7 км-т явганаар, автомашинтай 22 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 19 дүгээр хорооны “Бага салхит”-ын 4 дүгээр гудамжинд бага насны хүүхэд 10.15-ны өдрийн 18:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 10.16-ны өдрийн 04:46 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, Чингэлтэй дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчидтай хамтран бага насны хүүхэд Б/5 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top