1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зүүн хэсгээр зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +4+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар +15+20 градус, бусад нутгаар +10+15 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай, +11+13 градус дулаан байна.
Төлөв байдал: 22, 23-ны өдөр Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 24-ний өдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 23, 24-ний өдөр Алтайн уулархаг нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -6-11 градус хүйтэн, өдөртөө +6+11 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4+9 градус, өдөртөө +16+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2+3 градус, өдөртөө +11+16 градус дулаан байна. 24-ний өдөр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2. Гал түймэр:
Объектын түймэр: Хэнтий аймаг, Хэрлэн сум. 1 дүгээр багийн “Хийд” хорооллын 14 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 14:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:39 цагт очиход тус тоотод иргэн Н-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.
Төв аймаг, Баян-Өнжүүл сум. Бараат багийн “Ацын баруун даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ 10.19-ний өдрийн 15:00 цагийн орчим өвөлжөө болон чингэлэг шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 16:10 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат малчин С-ийн 8х15 метрийн хэмжээтэй өвөлжөө, 20 тоннын багтаамжтай чингэлэг, малын бууц шатсаныг Баян-Өнжүүл сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд 10.20-ны өдрийн 01:35 цагт бүрэн унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газраас Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Дорноговь аймаг, Замын-Үүд сум. Жаргалант багийн Соёмбын 17 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 16:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:44 цагт очиход тус тоотод иргэн Б-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар дотор хураалттай байсан 50 ширхэг боодлын өвс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 27 дугаар хороо, 29 дүгээр байрны хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 23:26 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 23:33 цагт очиход тус байрны хогийн суваг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр: Өвөрхангай аймаг, Хархорин сум. Жалбаа багийн “Улаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн урд 50 км-т/ шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 15:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 50 км замыг туулан 16:40 цагт очиход хээрийн түймэр гарсаныг орон нутгийн иргэд ажиллаж цурамд оруулсан байсан тул цурам доторхийг цэвэрлэгээ хийж 18:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 68 га талбай шатсан.
3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ
Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Номгон багийн “Дэрст булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 37 км-т/ 09.24-ний өдрийн 19:00 цагийн орчим 4 хүн зугаалж явснаас иргэн Э нь сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс 09.29-ний өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 09.29-ний өдрөөс 10.01-ний өдрийг дуустал зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон бөгөөд эрэн хайх ажиллагааг дахин явуулах тухай хүсэлтийг ар гэрээс нь 10.05-ны өдөр, сум дундын Цагдаагийн хэлтээс 10.10-ны өдөр тус тус хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид иргэн Э/61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.19-ний өдрийн 08:00 цагаас 17:50 цаг хүртэл Шаамар сумын Дулаанхаан тосгоны “Хараа, Ерөө голын бэлчир” гэдэг газраас “Шаамарын гүүр” гэдэг газар хүртэл “Орхон” голын усаар 76 км-т завиар урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 10.20-ны өдөр эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 24 дүгээр хороо, “Шадивлангийн зуслан”-д иргэн Б нь 10.17-ны өдрийн 12:00 цагийн орчим сураггүй болсон тул эрэн хайх, аврах ажиллгаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 10.18-ны өдрийн 00:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид эрэлч нохой, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчидтай хамтран нийслэлийн Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд оршин суугч, иргэн Б/22 настай эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.19-ний өдрийн 08:38 цагаас 15:35 цаг хүртэл “Шадивлангийн зуслан”, “Ойн дурсамж” амралтын газрын урд талын ойн модон дунд зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд Цагдаагийн байгууллагатай зөвшилцөж зогсоосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР