1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Завхан, Увс, Орхон, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар цас болон бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -3…+2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0 градус орчим байна.
Төлөв байдал: 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд ихэнх нутгаар, 5-нд говь, талын нутгаар, 6-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 3-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -8…-13 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
Объектын түймэр: Дундговь аймаг, Эрдэнэдалай сум. Сангийн далай багийн “Хөтөл-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 115 км, сумын төвөөс урд зүгт 7 км/-т автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 13:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан 13:17 цагт очиход иргэн Ц-ын “Ниссан Навара” загварын хагас ачааны автомашин шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 31 дүгээр хорооны Монелийн 38 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11:01-ний өдрийн 14:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 14:56 цагт очиход иргэн М-ын 10х8 метрийн хэмжээтэй хоёр давхар байшингийн хоёрдугаар давхрын хэсэг бүрэн шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Булган аймаг, Булган сум. Агуйт багийн “Зүүн-Агуйт” хэсгийн 14 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 15:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:57 цагт очиход 7×6 метрийн харьцаатай дүнзэн байшин шатаж байсныг 17 минут ажиллан унтрааж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт иргэн З/60 настай, эрэгтэй/ угаартсан байсныг гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 14 дүгээр хорооны зочид буудалд гал гарч байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 18:52 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:07 цагт очиход зочид буудлын В1 давхарт иргэн Н-ын 10х6 метрийн хэмжээтэй гарааш дотор эд хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 13 дугаар хорооны 3 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 20:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 20:49 цагт очиход иргэн У-ын 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 5 дугаар хорооны Залуусын задгайд гал гарч байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 23:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагч 3.5 км замыг туулан 23:58 цагт очиход иргэн Х-ны 30х10 метрийн хэмжээтэй байшингийн 3х3 метрийн хэмжээтэй өрөөний дотор тал, тоног төхөөрөмж, модон материал тус тус шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр: Увс аймаг, Сагил сум. Баянзүрх багийн “Баянгол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 140 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/-т 10.27-ны өдрийн 12:15 цагт Монгол Улсын хилийн 101/6-101/8 дугаар тэмдэгтийн орчим хээрийн гал түймэр гарсан тухай мэдээллийг 10.31-ний өдөр Хил хамгаалах ерөнхий газраас албан бичгээр хүлээн авсан. Хилийн цэргийн 0245 дугаар ангийн 0228 дугаар салбарын алба хаагчид мөн өдрийн 16:00 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтраасан. Гал түймэр Монгол Улсын хилийн 101/6-101/8 дугаар тэмдэгтээр Оросын Холбооны Улсын хил давж тус улсын 20 хүн, 3 автомашинтай ажиллаж мөн өдрийн 17:00 цагт гал түймрийг бүрэн унтраасан талаар мэдэгдсэн. Урьдчилсан байдлаар гал түймэрт 160 га орчим талбай өртөж шатсан.
3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ
Цас шаварт суусан: Завхан аймаг, Их-Уул сум. Цэцүүх багийн нутагт Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваа / Тосонцэнгэл сумын төвөөс зүүн урд зүгт 90 км, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км/-д цас орсны улмаас авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж автомашин зорчих боломжгүй болсон дуудлагыг 11.01-ний өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 90 км замыг туулан 19:20 цагт очиж замын цасыг хусаж, шороо асган 4 цаг 41 минут ажиллаж нийт 9 автомашин, 10 зорчигчийг даваанаас аюулгүй буулгасан.
Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 3 дугаар хорооны “Хэрлэн” авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны баруун талд Багануур дүүрэг явах чиглэлд авто замын өгсүүр хэсэгт цас орж хальтиргаа үүссэний улмаас том оврын 6 автомашин замын хөдөлгөөн хаасан гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 21:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн хэлтсийн орлогч, хошууч С.Мөнхсайханаар ахлуулсан алба хаагчид 17 км замыг туулан 22:15 цагт очиход Истана загварын автомашин, Норд Бенз ND4210 загварын түлшний Цистер автомашин, Бенз ND1310 загварын түлшний Цистер автомашин 1 талын урсгал зам хаасан байдалтай байсныг 02 цаг 30 минут ажиллаж татан гаргасан.
Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум. Багануур дүүргээс зүүн урд зүгт 22 км-т Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын чиглэлд зорчиж явсан Бонго загварын автомашин /3 том хүн, 2 хүүхэд/ цасанд суусан тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 01:59 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 22 км замыг туулан очиход иргэн Н/37 настай, эмэгтэй, Багануур дүүргийн харьяат/, Г/25 настай, эрэгтэй, Налайх дүүргийн харьяат/, Б/23 настай, эрэгтэй, Хэнтий аймгийн харьяат/, А 4 настай, эрэгтэй/, Г/9 сартай, эмэгтэй/ нар нь “Бонго” загварын автомашинтай цасанд суусан байсныг татан гаргаж Багануур дүүрэгт хүргэсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР