Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

 Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цас орсон.  Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр:  Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас 7-12 м/с, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор  түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -11…-16 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -3…+2 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3…+8 градус дулаан, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

Төлөв:  7, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар, 8-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар, 9-нд говь, талын нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -12…-17 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна. 

2. Гал түймэр:

Объектын түймэр: Орхон аймаг, Баян-Өндөр сум. Уртын гол багийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.05-ны 14:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 14:50 цагт очиход иргэн Б-ын 4х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан. 

Ховд аймаг, Жаргалант сум. Хайрхан багийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуулагыг 11.05-ны өдрийн 18:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 18:34 цагт очиход иргэн О-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 9 дүгээр хорооны “Да хүрээ” захын хашаанд  харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 01:07 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 01:13 цагт очиход 2х3 метрийн хэмжээтэй харуулын байр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3.ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ 

Төөрсөн, сураггүй болсон: Хэнтий  аймаг, Баянмөнх сум. Хэрлэн багийн “Холбоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 87 км-т, сумын төвөөс хойд зүгт 25 км-т, Жаргалтхаан сумын төвөөс урд зүгт 50 км-т/ иргэн С нь бага насны гурван хүүхдийн хамт автомашинаар зорчиж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 10:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны харьяат иргэн С/37 настай, эмэгтэй/, бага насны 3 хүүхдийн хамт “Акуа” загварын суудлын автомашинаар Жаргалтхаан сумаас Баянмөнх сумын чиглэлд 11.04-ний өдрийн 20:00 цагт зорчиж яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар явж байхад тухайн хүмүүс айлд очсон тухай мэдээлэл ирүүлсэн тул Онцгой байдлын газрын бүлэг (5 алба хаагч, 1 автомашин)-ийг Баянцогт багийн “Бууралын-Ухаа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км/-аас буцаасан. 

Төв аймаг, Эрдэнэсант сум. Угалзат багийн “Сайн хөндлөн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 261 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Тус сумын харьяат иргэн С нь хоёр хүүхдийнхээ хамт явганаар мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11:04-ний өдрийн 22:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн С /45 настай, эмэгтэй/ хоёр хүүхдийн хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.05-ны өдрийн 13:07 цагт иргэн С/45 настай, эмэгтэй/, Е/12 настай, эрэгтэй/ нарын цогцсыг тус багийн “Майханы-Ар” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 15 км/-аас олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Иргэн Г/17 настай, эрэгтэй/ нь малчин С-ийн гэрт эсэн мэнд очсон байсан.

Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сум. Эмгэд багийн “Сүх далайх” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км-т/ Тус сумын харьяат малчин Ж нь 11.04-ний өдрийн 20:00 цагт гэртээ харихаар мориор яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 14:51 цагт хүлээн авсан. Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд малчин Ж/43 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 16:04 цагт тус багийн “Бараан хадны дэл” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км/-аас цогцсыг олсон.

Төв аймаг, Эрдэнэсант сум. Боргилт багийн “Хар чулуу” гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 296 км-т, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ Тус сумын харьяат иргэн Б, Н нар 11.04-ний өдрийн 09:00 цагийн орчимд автомашинаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 16:31 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд орон нутгийн 5 иргэнтэй хамтран иргэн Б/43 настай, эмэгтэй/, Н/41 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17:07 цагт тус багийн “Хар чулуутын дээд-Өндөр” гэдэг газар /гэрээс нь баруун хойд зүгт 15 км/-аас цогцсыг нь олсон. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар явж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын бүлэг (7 алба хаагч, 1 автомашин)-ийг Эрдэнэсант сумын Угалзат багийн “Шар толгой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 20 км/-аас буцаасан.

Хэнтий аймаг, Бор-Өндөр сум. Хүйх багийн “Улаан зээг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 205 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/  Тус сумын харьяат иргэн Д нь 11.05-ны өдрийн 16:30 цагт явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 18:15 цагт хүлээн авсан. Тус багийн Засаг даргаар ахлуулсан орон нутгийн  сайн дурын “Аврагч” клубын гишүүд иргэн Д/63 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Хөх-Өндөр” гэдэг газар малчин Д-ийн гэрээс эсэн мэнд олсон.

Төв аймаг, Эрдэнэсант сум. Угалзат багийн “Уртын гол” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун урд зүгт 291 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ Тус сумын харьяат малчин А нь 11.04-ний өдрийн 19:00 цагт явганаар малаа хурааж яваад сураггүй болсон тухай мэдээллийг 11.05-ны өдрийн 23:38 цагт хүлээн авсан.  Ар гэрийн хоёр морьтой иргэн тус сумын харьяат малчин А/35 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.05-ны өдрийн 09:00 цагт тус багийн “Уртын гол” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 500 метр/-аас цогцсыг олсон. 

Төв аймаг, Эрдэнэсант сум. Баргилт багийн “Эрээн-Ухаа” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун урд зүгт 302 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 41 км-т/ Тус сумын харьяат малчин Б нь 11.04-ний өдрийн 20:00 цагийн орчимд явганаар малаа хариулж яваад сураггүй болсон тухай мэдээллийг 11.05-ны өдрийн 23:38 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд, ар гэрийн 8 хүнтэй хамтран иргэн Б/42 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.05-ны өдрийн 06:00 цагт тус багийн “Эрээн-Ухаа” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 200 метр/-аас цогцсыг олсон.

Төв аймаг, Лүн сум. Өгөөмөр багийн “Аргалын-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 210 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ Тус сумын харьяат малчин Г нь 11.04-ний өдрийн 20:00 цагт явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай мэдээллийг 11.06-ны өдрийн 02:30 цагт хүлээн авсан. Саахалт айлын малчин Д мориор мал хариулж яваад малчин Г/47 настай, эмэгтэй/ “Бор толгой” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 2 км/-аас цогцсыг олсон.  

Дорноговь аймаг, Иххэт сум. Баян багийн “Гэзгийн бууц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 кмт, сумын төвөөс урд зүгт 20 км-т/ Тус сумын харьяат иргэн Б нь суудлын автомашинтай зорчиж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 19:54 цагт хүлээн авсан. Алтанширээ сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд, Иххэт сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд нийт 13 хүн Иххэт сумын харьяат иргэн Б/23 настай, эрэгтэй/ нь Алтанширээ сумаас Иххэт сумын чиглэлд 11.05-ны өдрийн 14:00 цагийн  орчимд  “Королла пиелдер” загварын суудлын автомашинаар зорчиж яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 03:27 цагт Тойг багийн “Өвсөн” гэдэг газар /Алтанширээ сумын төвөөс баруун хойд зүгт 75 км/-аас эсэн мэнд олсон.

Сүхбаатар аймаг,  Асгат сум. Өлзийт багийн “Улаан хавцал” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 60 км-т, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ Тус сумын харьяат иргэн Б, Н нар 11.05-ны өдрийн 19:00 цагт гэрээсээ мотоциклоор гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.06-ны өдрийн 00:37 цагт хүлээн авсан.  Асгат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд орон нутгийн хоёр хүний хамт иргэн Б/28 настай, эрэгтэй/, Н/33 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 02:20 цагт тус багийн “Хар-Эрэг” гэдэг газар  /гэрээс нь баруун зүгт 5 км/-аас эсэн мэнд олсон.   

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. Уулзвар багийн “Нумт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ Тус сумын харьяат иргэн Э нь 2 хүүхдийнхээ хамт суудлын автомашинаар зорчиж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.06-ны өдрийн 01:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид иргэн Э/47 настай, эрэгтэй/, Э/14 настай, эрэгтэй/, Е /5 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 03:25 цагт тус багийн “Хонхор” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн хойд зүгт 33 км/-аас эсэн мэнд олсон.

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум. Баянцагаан багийн “Амеркон нуурын тагт’’ гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 248 км, салбарын байрлалаас зүүн урд зүгт 80 км-т/ Иргэн Г нь 11.03-ны өдөр самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.04-ний өдрийн 22:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид тус сум дахь Цагдаагийн хэсгийн 1 алба хаагч, ойн ангийн 1 ажилтан, Хан Хэнтийн улсын тусгай хамгааллалттай газрын хамгаалалтын захиргааны 1 ажилтан, орон нутгийн 1 иргэнтэй хамтран иргэн Г/49 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 11.05-ны өдрийн 10:30 цагт “Нуурын тагт” уулын чиглэлд явж 80 км зам туулан 19:55 цагт тухайн отог дээр очиж хоносон. 11.06-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Мөс цөмөрсөн: Төв аймаг, Баяндэлгэр сум. Байдлаг багийн “Хужиртын-Ам” гэдэг газар /Багануур дүүргээс баруун хойд зүгт 36 км-т/ “Хужирт”-ын голын мөс цөмөрч суудлын автомашин усанд суусан тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 30 км зам туулан 11:00 очиход Төв аймгийн Баяндэлгэр сумаас Улаанбаатар хотын чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан иргэн Н-ын “УАЗ-469” загварын суудлын автомашин голын усанд суусан байсныг 1 цаг 30 минут ажиллаж татан гаргасан.

Баян-Өлгий аймаг, Буянт сум. Өмнө гол  багийн “Өмнө гол”  гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт  22 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ Шар нуурын мөс цөмөрч  суудлын автомашин живсэн тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчтай хамтран 22 км зам туулан 16:18 цагт очиход Өлгий сумын төвөөс Буянт сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Э-ийн “Елентра” загварын суудлын автомашин живсэн бөгөөд иргэн Э/53 настай, эрэгтэй/, Н/52 настай, эмэгтэй/ нар нуурын мөс цөмөрч нас барсан, иргэн С/53 настай, эмэгтэй/, Н/53 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд айлд очсон байсан. Живсэн автомашиныг нуурын эргээс 200 метр, 1.40 метрийн гүнээс татан гаргах ажиллагааг зохион байгуулж 19:30 цагт гаргасан.

Цасанд суусан: Төв аймаг, Баян сум. Сант багийн “Хашаатын худаг” гэдэг газар /Багахангай дүүргээс урд зүгт 18 км-т/ Суудлын автомашин цасанд сууж, эвдэрсэн тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 22:45 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ар гэрийн хоёр хүний хамт иргэн А-ийн “Спасио” загварын суудлын автомашин /5 зорчигчтой/ цасанд суусан байсныг 11.06-ны өдрийн 05:00 цагт татан гаргасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top