“Гамшгийн хор уршгийг арилгах сургалт, туршлага солилцох үйл ажиллагаа”-нд оролцож байна

viber_image_2023-11-07_10-10-19-271.jpg

  Балба улсын арми, АНУ-ын Номхон далайн арми хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн хор уршгийг арилгах сургалт, туршлага солилцох үйл ажиллагаа”-нд ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, нийслэлийн Аврах ангийн захирагч, хурандаа М.Мөнхөө нар оролцож байна.

Тус үйл ажиллагаанд Канад, Энэтхэг, Мальдив, Шри-Ланк, Тайланд, Их Британи зэрэг 7 улс ажиглагчаар, Балба улсын Засгийн газар, 8 агентлаг, 7 аймгийн нийт 300 гаруй төлөөлөл оролцож, улс орнууд гамшгаас хамгаалах бүтэц тогтолцоо, гамшгийн эрсдэлийн удирдлага, бүс нутгийн гамшгийн нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн үеийн хариу арга хэмжээний туршлагаа хуваалцах юм.

Балба улс нь Гималайн уулсын бүс нутагт орших бөгөөд газар хөдлөлт, хөрсний гулсалт, уулын нуранги, уруйн болон шар усны үер, цасан нуранги, үер зэрэг байгалийн олон аюулын эрсдэл өндөр улс юм. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө тус улсад маш хурдацтай мэдрэгдэж байгаа бөгөөд мөнх цаст уулын цэвдэг хайлах, түүнээс улбаатай цасан нуранги, шар усны үер, тариан талбай дарагдах зэрэг аюул ихээр гарах болсон. Балбад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр жилийн дундаж дулаан 1.5 хэмээр нэмэгдсэн. Энэ нь урд өмнө тохиолдож байгаагүй байгалийн аюулт үзэгдэл үүсгэх, гамшгийн давтамж, эрчмийг нэмэгдүүлсээр байгаа аж.

Энэ сарын 03-ны өдөр гэхэд тус улсын баруун хэсэгт оршдог Жажаркот мужид хүчтэй газар хөдөлсний улмаас 128 хүн амь үрэгдэж, олон арван хүн бэртсэн байна.

Дээрх асуудлын хүрээнд газар хөдлөлт, хөрсний гулсалт, үерийн цагийн байдал үүсгэн команд штабын дадлага сургууль хийнэ.  Мөн Балбын Читван хотод газар хөдлөлтийн болон аюултай бодисын үеийн хариу арга хэмжээ, гал түймэр унтраах ажиллагаа зэрэг хээрийн дадлага сургуулийг зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top