С.Гүржав: Хилчдэд онгоцоор шуудайтай мөнгө очдог байлаа

3-18-3t.jpg

Завхан нутаг  бол домог болсон хутагт хувилгаан, урлаг соёлын алдартан, генерал цолтнуудынхаа тоогоор улсдаа тэргүүлдэг. Тэр дундаа Монгол Улсад 160 гаруй генерал цолтон байдгийн 20 нь энэ нутгаас төрөн гарсан. Бид “Генералуудын өдөр”-т зориулан бэлтгэн хүргэж буй “Монгол Улсын төлөө” буландаа Завхан аймгийн  Отгон сумын уугуул, өөрийгөө Богд Очирваань Отгон тэнгэр уулын бэлд төрсөн азтай хүмүүн,  хамгийн эх оронч хүмүүс хилчид байдаг хэмээн тодорхойлсон хошууч генерал С.Гүржавыг урилаа. Тэрээр ХХЕГ-ын Хилийн түүх стратеги судлалын секторт ахлах судлаачаар ажиллаж байна. Хил хамгаалах байгууллагын стратеги, ахмад хилчдийн түүхийг судлахын зэрэгцээ өнөө үеийнхэнд тэдний үйл хэрэг, хил хамгаалах байгууллагын арвин түүх, алтан сан хөмрөгийг таниулах их ажлын хажуугаар нь цөөн хором хөөрөлдсөн юм.

ГЕНЕРАЛ БОЛОХ ХУВЬ ТӨӨРӨГ

С.Гүржав генерал, сэтгүүлч, хурандаа Д.Баасанжаргал нарыг аравдугаар анги төгсдөг жил  сургуулиас нь ЗХУ-д Хилийн цэргийн дээд сургуульд суралцуулжээ. Москвад бэлтгэгдсэн залуу офицер Дорноговийн Улаан-Уулын застав руу анхныхаа томилолтыг өвөртөлж,  Сүхбаатар аймагт үргэлжлүүлэн ажиллаж байгаад дахиад л ЗХУ руу эрдмийн мөр хөөж 1989 онд Цэрэг-улстөрийн академи төгссөн байна. Үүнийхээ дараа Дорнод, Улаанбаатар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хилийн отрядын дарга зэргээр  хил хамгаалах байгууллагатай олон жил холбогдож ажилласан түүхтэй.

Энэ хугацаанд Хи­лийн цэргийн дээд сургууль, Батлан хам­гаалах яаманд Цэргийн бодлогын хэлтсийн дарга, 1997 оноос ХХЕГ-ын дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргаар 2000 он хүртэл ажилласан. Үүнээс хойш хэсэг хугацаанд урлаг соёлын байгууллагад ажиллаж байгаад 2012 онд ХХЕГ-ын тэргүүн дэд дарга, Хилийн цэргийн штабын даргаар дахин томилогдож байжээ. Түүнийг отрядын даргаас штабын дарга хүртэл ажиллахад хил хамгаалах байгууллага ажилчдынхаа цалинг өгч чадахгүй, бүх юм хомс хүнд хэцүү нөхцөл таарч байжээ. Тухайн үед хил хамгаалах байгууллагад ажиллаж байсан олон хүн наймаа хийхээр алба ажлаа орхиж, хилчид идэх хоол, өмсөх зүүхээр дутаж явсан гэдэг. Гэсэн ч үе үеийн дарга нарын зөв бодлого шийдвэр, хилчдийн зүтгэлээр өнөөгийн хөгжил дэвшилд хүрсэн билээ. Энэ талаар хошууч генерал “Хил хамгаалах байгууллага 1933 онд байгуулагдаж 1953 он хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад Хятадтай харилцаа сайжирлаа гэж үзсэн учраас хилийн цэргийг татан буулгасан нь их алдаатай бодлого болсон.  Эргүүлээд 1967 онд дахин байгуулсан. 1990 он хүртэл хил хамгаалах байгууллагыг бэхжүүлэх, улс орноо эзэнтэй байлгахад үе үеийнхэн асар их зүтгэсэн.1993-1994 онд отрядын дарга хийж байхдаа  цэрэг, хамт олноо тэжээх гурил, будаа хаанаас олох вэ, цалингаа яаж тавих вэ гэж л бодож, ажиллаж явлаа. 1997 онд ХХЕГ-ын дэд дарга байхад ч нөхцөл боломж сайнгүй байсан.Өнөөдөр хил хамгаалах байгууллага хөгжиж сайхан болсон байна. Боловсон хүчний бодлого ч сайжирсан. Үе үеийн удирдлага зөв сайхан ажилласны үр дүн. Отрядад ажиллаж байхад цалингаа тавьж чадахгүй. Хилийн цэр­гийн онгоцоор шуудайтай мөнгө очдог байлаа. Банкаар дамжуулахаар замаас нь өр зээл гээд авчихдаг. Тэр үеийн дарга нар түүхий эдийг гадаад дотоод руу гаргах зэргээр наймаа арилжаа хийж цэрэг хамт олноо тэжээхийн тулд боломжтой бүхий л ар­гыг сүвэгчилж, хүч хө­дөлмөрөө дайчилж ажил­ладаг байлаа” гэсэн юм.

С.Гүржав генерал 1997 онд генерал буюу офицер болсноос хойш 15 жилийн дараа генерал цолыг зүүсэн байдаг. Мөн хамт сургууль төгссөн нэг үеийнхэн нь хошууч цолтой байхад тэрээр хошууч генерал цолтой байсан гэдэг. Ийнхүү цэргийн цолыг хугацаанаас нь өмнө авсан цөөхөн хүмүүсийн нэг. Одоо бодоход энэ нь түүний хувь төөрөгтэй холбоотой байх гэмээр. Учир нь С.Гүржав генералыг ухаан орсон цагаас нь эхлэн ээж нь “Манай генерал” гэж дууддаг байжээ. Тэр үед Отгон суманд генерал цолтой хүн байтугай цэргийн хүн үзээгүй байсан цаг үе аж. Мөн түүний өвөг эцэг Жамбал гэх Дилав хутагтын шавь, алдартай зурхайч лам “Ирээдүйн цэргийн том зүтгэлтэн төрлөө” гэж хэлж байжээ. Үүнийгээ С.Гүржав генерал “Жирийн малчны хүүхэд генерал болсон нь хамт олны, Монголын хил хязгаарын ач буян гэж боддог. Хувь төөрөгтэй байсан юм болов уу” гэж ярилаа.

МОНГОЛ УЛСЫН БААТРУУДЫН ТҮҮХИЙГ БИЧИЖ БАЙНА

Биднийг ХХЕГ-т байрлах түүний өрөөнд очиход хүнтэй уулзаж, өрөөний утас нь зогсоо зайгүй дуугараад их л завгүй байсан нь Монгол Улсын баатар П.Чогдонгийн тухай номыг хэвлэлтээс авч байгаатай холбоотой аж. Тэрээр ахмад хилчдийнхээ түүхийг  судалж, хэсэг эрдэмтэдтэй хамтарч Монгол Улсын баатар армийн генерал Б.Доржийн тухай зузаан ном гаргажээ. Б.Дорж хилийн цэргийн анхны генерал, хоёр удаа хилийн цэргийн даргаар томилогдон ажиллаж байсан байна. Харин биднийг өнгөрсөн баасан гаригт очиход хурандаа Э.Цогтгэрэлтэй хамтарсан Монгол Улсын баатар эрэлхэг хилчин П.Чогдонгийн тухай номоо өлгийдөж хилчид, монголчууддаа өргөн барьж байгаагаа баяртайгаар дуулгасан юм. Тэрээр “Ахмад үеийнхэн, баатрууд, генералуудын түүх тэр чигээрээ сонирхолтой, дурсамжтай  явдлаар дүүрэн байна. Бүгдийг нь судалж барахгүй ч ганц хоёроос нь эхлэн бүтээл туурвилыг нь хойч үеийн хилчдэд үлдээхээр ажиллаж байна. Хил хамгаалах байгууллагад залуу халаа их орж ирж байгаа учраас ахмадуудынхаа өв уламжлал, хил хамгаалах байгууллагын түүхийг мэдэж байх хэрэгтэй. Хилийн цэргээс төрсөн 14 баатрын номыг гаргах санаатай байгаа. Зарим нь цэл залуугаараа амь үрэгдсэн учраас түүх ховор байна. Хил хамгаалах байгууллагынхаа генера­луудын тухай ном гаргавал да­раагийн үеийнхэнд хэрэгтэй юм болов уу” гэж байна.

Бидний яриа аль нэг сэдэв рүү хазайсан ч тэр дорхноо л хилчдийн ахуй амьдрал, хил хамгаалах байгууллагатай холбогдчих юм. Хил хамгаалах байгууллагын хүнд хэцүү үеэс эхлээд өнөөгийн сайхан цаг үед ажилласаар байгаа түүнээс “Оюутан цэрэг” хөтөлбөр, хааяа нэг чих дэлсдэг хилчдийн тухай бараан мэдээллийн та­лаар сонирхоход “Хам­гийн эх оронч хүмүүс хил дээр алба хаадаг. Хилийн цэрэгтэй холбоотой үнэн, худлыг нь тогтоогоогүй янз бүрийн мэдээлэл гардаг ч хилчид рүү дайрч, довтлоод байх шаардлагагүй. Шувуу нисэхгүй газар нохойгоо хөтлөөд, буугаа үүрээд явдаг хүмүүс бол хилчид. Байлдагчаас генерал хүртэл хамгийн эх оронч, эх орондоо хайртай хүмүүс бол хилчид.

Сүүлд хэрэгжүүлээд буй “Оюутан цэрэг” хөтөлбөрийг зөв гэж бодож байгаа. Гурван жилийн цэрэг хүний бие бялдар, оюун санааны хувьд бүрэн төлөвшүүлдэг. Хугацаа богиноссон ч нэг жилийнх нь ч адилхан. Олон жил алба хаалгаж ар гэрийн амьдралыг нь хүндрүүлж байхаар “Оюутан цэрэг”-ийг хэрэгжүүлж байгаа нь  сайшаалтай. Тухайн үед улс орны нөхцөл байдлаас шалтгаалж гурван жил байсан байх” гэсэн юм. С.Гүржав  эх орныхоо төлөө зүтгэсэн цэргийн генералаас гадна тасралтгүй уран бүтээлээ туурвисаар яваа нэгэн.Ардын жүжигчин Ө.Баярмагнайгийн  дуул­сан “Хилчин харгуй”, “Бай­тагийн хилчид” дуу.  Отгонтэнгэр хайр­ханы  тухай “Хан уул”,  гавьяат жүжигчин Т.Баясгалангийн дуулсан  “Хайрлахсан даа”,  “Босго, тотго” олон ангит киноны  “Хан хурмастын бүсгүй” зэрэг  түүний нэрээр хаягласан олонд танигдсан цөөнгүй  дуу бий. Сүүлд яруу найргийн хоёр ном, яруу найрагчидтай хамтран хэд хэдэн дууны үг бичсэн ч ажил албаны онцлогоос болоод уран бүтээл хийж чадахгүй байгаа аж.

С.Гүржав офицер болсноос хойш өнөөг хүртэл хил хамгаалах байгууллагын түүхийг шат шатанд нь бичилцэж, заставын орлогч даргаас Хил хамгаалах ерөнхий газрыг Хилийн цэргийн удирдах газар байхад ХХ зуун, ХХI зуунд штабын даргаар томилогдож хэцүү үеийг нуруундаа үүрэлцэж явсан генерал юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

scroll to top