Монголын хилийн түүхийн нэвтэрхий толь асан генерал Б.Цэдэн-Ишийн талаарх эрдэм шинжилгээний хурал болов

tseden-ish2.jpg

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, дэслэгч генерал Б.Цэдэн-Иш агсны мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Б.Цэдэн-Ишийн амьдрал, түүхэн замнал” эрдэм шинжилгээний хурал Гадаад хэргийн яаманд боллоо. Тус хуралд “Монгол Улсын тусгаар тогтнол, хилийн халдашгүй дархан байдлыг хангахад Б.Цэдэн-Ишийн оруулсан хувь нэмэр” гэсэн илтгэлийг Хил хамгаалах ерѳнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, цэргийн шинжлэх ухааны доктор, хошууч генерал Ш.Лхачинжав хэлэлцүүлсэн юм.

Б.Цэдэн-Иш генерал Байтаг богд ууланд хилчдийн хамтаар /1976 он/tseden ish

Улсын хил бүрэлдэн тогтох нь түүхийн урт хугацаанд хѳрш орнуудын улс тѳрийн харилцааны явцад олон улсын хилийн гэрээ, хэлэлцээрээр баталгаажиж, улс орны үндэсний тусгаар тогтнолын эрхэм шалгуур болох учиртай. Тэгвэл Б.Цэдэн-Иш төр улсын оршин тогтнох үндэс болсон нутаг дэвсгэрийн хил хязгаарыг бодитойгоор тогтооход үнэтэй хувь нэмэр оруулсан алдарт гавьяатан юм. Тодруулбал, Монгол-Хятадын хилийн хэлэлцээр Улаанбаатар хотноо 1962 оны сүүлээр эхэлж 5007 км.кв газрыг Хятадын талын саналаар, 12314 км.кв газрыг Монголын талын саналаар тус тус тохиролцон гэрээ байгуулахад тэрээр гол үүрэг гүйцэтгэж хүчин зүтгэсэн юм. Монгол Зөвлөлтийн хилийн хэлэлцээр 1975 оны долдугаар сард Чита хотноо эхэлж, хоёр улсын хилийн дагуух 145 хэсэг газрын 659,65 км.кв нутаг дэвсгэрийг Монголын талд, 109 хэсэг газрын 120,6 км.кв нутаг дэвсгэрийг Зөвлөлтийн саналаар тус тус тогтоожээ. Харин хилийн гэрээнд 1976 оны аравдугаар сарын 19-ний өдөр Москва хотноо тухайн үеийн төрийн тэргүүнүүд гарын үсэг зурсан аж. Тийм ч учраас Монгол Улсын хилийн шугамыг судалж, тодотгох, тогтоон тэмдэглэх ажилд олон жилийнхээ хөдөлмөрийг зориулж, хилийн багана тэмдэгт нэг бүрийн байршил, газар орны байр байдлыг нарийн тодорхой мэддэгээрээ Б.Цэдэн-Иш “Монголын хилийн албаны нэвтэрхий толь” хэмээн олон алдаршсан.

Тэрбээр Дорнод аймгийн Хөх-Ишгэнтийн хилийн харуулын даргаас Яамны орлогч сайд, Хязгаарын ба ДЦХЭГ-ын (тухайн үеийн) даргаар дэвшин улсад жар гаруй жил ажилласан бөгөөд хилийн албанд 41 жил тасралтгүй зүтгэсэн нэгэн аж.

scroll to top