Нэгдсэн Үндэсний байгууллага өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудын малчин өрхүүдийг хэрэгцээт зүйлээр нь хангахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлсээр байгаа билээ. Тэд энэхүү тусламжаа НҮБ-ын Онцгой байдлын үеийн яаралтай тусламжийн сангийн 2.4 сая долларын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа юм.
Энэ талаар НҮБ-ын Суурин зохицуулагч ба Хүмүүнлэгийн зохицуулагч хатагтай Биата Транкманн “Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн зургаан аймгийн малчдын амьжиргааг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлж буй Засгийн газрын арга хэмжээг үр дүнтэй болгоход НҮБ-ын Онцгой байдлын үеийн яаралтай тусламжийн сангаас үзүүлсэн тусламж чухал нэмэр болж байна” хэмээн онцоллоо. НҮБ-аас явуулж буй тусламжийн цуваа өнөөдөр хөдөө орон нутгийг зорин хөдөлж байгаа юм. Цувааг Хүнс, хөдөө аж ахуйн сайд хатагтай Р.Бурмаа, НҮБ-ын Суурин Зохицуулагч хатагтай Биата Транкманн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн орлогч захирал ноён Вили А.Фуавао, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал нар уг цувааг хөдөлгөх арга хэмжээнд оролцлоо.
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө ахуй байгууллага (НҮБ-ын ХХААБ), Мерси Кор ОУБ хамтран өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад өвс тэжээл, ядарч доройтсон малын эрүүл мэндийг дэмжих сувилалын багцыг бэлтгэж, хүргүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм.
Тусламжийн багцыг өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Увс, Завхан, Баянхонгор, Архангай, Дундговь, Сүхбаатар гэсэн зургаан аймгийн 45 сумын 4390 өрхөд орон нутгийн засаг захиргааны нэгжээр дамжуулан хүргэнэ.
Түүнчлэн малын асаргаа, сувилгааны бүтээгдэхүүнийг хайрцагт савлах, зөөх ажилд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутнууд, Австрали, БНСУ-ын сайн дурын ажилчид сайн дураараа оролцож хүнд хэцүү цагт хөдөөгийн малчдад туслах сайн үйлсэд өөрсдийн хувь нэмрээ орууллаа.
Үүнээс гадна “ХХААБ нь нийт 500 мянган ам долларын дотоодын санхүүжилт бүхий Яаралтай тусламжийн техник хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлэг, үржлийн газар болон ОБЕГ-аас үүлдэр сайтай цөм сүргийг хамгаалах чиглэлээр хийж буй ажлын үр дүнг нэмэгдүүлэхээр 13 аймгийн 35 сумын малчин өрх, цөм сүргийн сууриудад хэрэгжүүлэх юм. “Эдгээр цөм сүргийн сууриуд нь Монгол малын удам, угсааг авч үлдэхэд чухал нөлөөтэй ашиг шим өндөртэй уугуул үүлдэрийн малаас бүрддэг юм” хэмээн ХХААБ-ын хөтөлбөрийн мэргэжилтэн Др. С. Жигжидпүрэв хэллээ. Энэхүү тусламж нь малын вакцин, өвс, тэжээл, малын сувилалын багц, шатахуун, сургалт зэргээс бүрдэх юм.