Рейнжер Генерал

2016042504.jpg

“Монголын генералуудын өдөр” энэ пүрэв гарагт тохиож байна. Монголын төр алтан мөрдэстнүүддээ хүндэтгэл үзүүлдэг түүхэн энэ өдрийг угтаж “Монгол Улсын төлөө” буландаа нэгэн залуухан генералыг урилаа. Монголын Зэвсэгт хүчинд дэлхийн мэргэжсэн цэрэг буюу албан ёсны хэллэгээр рейнжер офицер гурав байдаг. Тэдний нэг нь ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Довчинсүрэнгийн Ганзориг. Хэвлэлд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй болохоор дуулгах сонин ихтэй эрхмийн нэг мөн боловч энэ удаад зөвхөн АНУ-ын рейнжерийн сорилт, Монголын энхийг сахиулах ажиллагаа, эр цэрэг аавынх нь тухай яриа өрнүүллээ. Нас залуу ч  Монголын Зэвсэгт хүчинд өөрийн байр сууриа олж, нэгэн  тод өнгө болон гялалзаж яваа генералын үгийг сонсъё.

-Танд удахгүй болох “Монголын генералуудын өдөр”-ийн мэнд хүргэе. Рейнжер буюу мэргэжлийн цэргийн тань  хувьд асуух асуулт надад олон байна. Рейнжер гэж ямар хүнийг хэлдэг юм бэ?

– Ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, эгэл  цэрэг дайчидтайгаа бие, сэтгэлээрээ хамт байж, тэднийг эцэг, эхийн ёсоор халамжлан сургаж ирсэн олон сайхан буурай генералууд болоод одоо мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа бусад генералууддаа баярын мэнд хүргэж,  хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Рейнжер гэдгийг энгийнээр тайлбарлавал байлдааны үүргийг ямар ч хүнд нөхцөлд биелүүлэх чадвартай болсон хүнийг хэлнэ.

-Рейнжер болоход ямар шалгуур давдаг, ямар сорилтууд туулдаг бол?

– Нэлээд хэдэн  оронд рейнжерийн дамжаа гэж бий. Тэр дотроос  хамгийн хүнд шалгууртай нь АНУ-ын Рейнжерийн дамжаа. АНУ-ын Зэвсэгт хүчний салбар бүр өөрийн тусхай хүчинтэй. Тэдний нэг төрөл нь рейнжер. Түүх сөхөхөд америкууд дэлхийн хоёрдугаар дайны дараа 1950-аад оны Вьетнамын дайны үеэс эхлэн рейнжерүүд бэлтгэж эхэлсэн байдаг. Ингэхдээ Английн тусгай хүчний сургалт болон зарим хөгжсөн орнуудын цэргийн сайн сайн хөтөлбөр, шалгууруудаас сонголт хийн сургалтын хөтөлбөрөө боловсруулсан байдаг юм билээ. Өнөөг хүртэл энэ хөтөлбөр нь өөрчлөгдөөгүй гэхээр үнэхээр цаг үеийг давсан, хатуу шаардлага хангасан хөтөлбөр гэдэг нь ойлгомжтой. Харин энэ хөтөлбөрийн бүх шалгуурыг давсан хүн рейнжер гэж цоллуулах эрхтэй болно. Америкууд цэргийн алба хаагчдынхаа зүүн мөрийг түрүүлж хардаг. Зүүн мөрөнд нь рейнжер хэмээх бичиг байхгүй бол “За, энэ бэлтгэгдсэн цэргийн алба хаагч биш байна” гэсэн байдлаар харилцаж эхлэх жишээтэй. АНУ-ын армийн хэмжээнд хамгийн нэр хүндтэй, хамгийн хатуу шалгуур давсан, хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй Зэвсэгт хүчнийхээ гол тулгуурын нэг нь рейнжерүүд.

-Таны цэргийн дүрэмт хувцасны зүүн мөрөнд рейнжер гэсэн бичиг хэдийнээс эхлэн байраа эзлэв?

-Би  2002 онд АНУ-ын Рейнжерийн дамжааг дүүргэсэн. Миний араас хурандаа С.Түвшинбаяр, хурандаа Л.Гансэлэм нар төгссөн.  Сорилтын тухайд хүн гэдэг амьтан юм бүхнийг хийж гүйцэтгэж чаддаг гэдгийг илэрхийлэхийн тулд маш олон хүнд шалгуур давах ёстой.  Буудагч байх, сэтгэл зүйн хувьд төлөвшсөн, бусдыг хамт олон болгон нягтруулж манлайлах чадвартай, байлдааны талбарын ямар ч нөхцөлд биеэ удирдаж зөв шийдвэр гаргадаг,  бие бялдар эрүүл саруул, чадал тэнхээ, хурд хүч шаардсан даалгавар биелүүлдэг байх  зэрэг ерөнхий шаардлагын хүрээнд эхлээд шалгалт авна. Энэ шалгалтад нь тэнцсэний дараа рейнжерийн дамжаанд оролцох эрхтэй болно. Харин дамжааны үеэр бодитойгоор өнөөх хүнд сорилтуудаа давж гүйцэтгэнэ.  Олон хоног нойр, хоолгүй явах бол наад захын шалгуур. Ингэхдээ байлдааны төрөл бүрийн даалгаврыг давхар гүйцэтгэнэ гээд яривал их зүйл бий.

-Хэдий хугацаанд сорилтыг давах ёстой вэ?

-Эхний оролдлогоор бүх сорилтоо алдаагүй гүйцэтгээд явбал 70 хоног. Сургалтын явцад унах юм уу, алдаа гаргасан тохиолдолд хоёр дахь удаагийн нөхөн үе шатаар дамжих боломж олгодог. Боломжит хугацааг нь тооцоод үзвэл 110 хоног. Тэгэхээр 70-110 хоногийн хугацаанд рейнжерийн дамжааг дүүргэнэ гэсэн үг.  Хоёр дахь боломжоо алдвал шууд буцаана.

-Таны хувьд хэдий хугацаанд дуусгав?
-70 хоног.

-Тэгвэл хамгийн хүнд шалгууруудыг онцолж болох уу. Монгол хүний онцлогоос өөр гүйцэтгэхэд хүнд сорилтууд байсан уу?
-Хувь хүний хичээл зүтгэл, ур чадвараас л хамаарна. Түүнээс биш америкууд, монголчууд гэж ялгаж онцлох зүйл байхгүй. Монголчуудын хувьд усанд сэлэлт жаахан хэцүү юм билээ. Сорилтын өмнө усан дотор байлдааныхаа хэрэгслийг үүрээд сэлэх гэж нэлээд удсан.  Байлдааны бүх  хэрэгслээ үүрээд 400 метр газарт яаж сэлнэ дээ гэж өөрөө өөртөө  сэтгэлзүйн ачаалал хэт өгч байснаа эргээд бодоход  хамгийн хүнд мэт санагддаг юм. Гэхдээ сорилтоо  бол ажрахгүй даваад л гарсан. Миний хувьд бүх  сорилтын дараа “Хүн гэдэг ямар ч хүнд нөхцөлийг давж гарах чадвартай агуу амьтан юм. Тархи, сэтгэлзүй нь чадахгүй гэсэн ачааллыг бие махбодид өгч хүний чадварыг бууруулдаг юм байна” гэдгийг ойлгож авсан. Нойргүй явах хэцүү, хоолгүй явах нь амархан. Гурван хоног тасралтгүй нойргүй явахад сэтгэх болон гүйцэтгэх чадвар огцом буурдаг. Мэдээж нойр, хоолгүйгээр хэр амжилттай  явах нь салааны удирдлагаас хамааралтай. Сорилтууд бүрт салааны дарга томилох бөгөөд тэр хүн нь зөв менежментээр удирдаж чадвал алдаа гаргахгүйгээр даалгавраа богино хугацаанд гүйцэтгэнэ.  Бүр амрах хугацаагаа ч нөхөж авч чадна. Буруу тооцоолж алдвал даалгавраа гүйцэтгэж дуустлаа нойр, хоолгүй  явах нь бий. Манай салаанд ганц гадаад хүн байсан нь би.

-Та хэдэн хэлээр ярих вэ. Арван жилдээ Оросын сургууль төгссөн учраас орос хэлдээ төгс байх?
– Орос, англи хэлтэй

-Манай улсаас хурандаа С.Түвшинбаяр, хурандаа Л.Гансэлэм та гурваас хойш нэлээд олон цэргийн алба хаагч төгсөхөөр очоод чадаагүй гэх юм?

-Төгсч чадаагүй. Энэ дамжаа нь өөрөө богино хугацаатай атлаа хамгийн их өртөгтэй. Сургалтын явцад зарцуулах төсөв нь өөрөө маш их учраас америкчууд өндөр өртгөө тооцоод нэг улсаас таван удаа энэ сорилтод унавал тухайн улсаас сонгон шалгаруулж авахаа зогсоодог. Казахстан улс энэ эрхээ алдчихлаа гээд нэлээд юм болж байж дахин сэргээсэн гэдгийг санаж байна. Цэргийн алба хаагчийнхаа бие бялдар, сэтгэл зүй, мэдлэг ур чадвар, үүрэг гүйцэтгэх чадвар зэргийг  бүгдийг тооцож явуулахгүй бол эргээд энэ дамжаанд хүнээ оролцуулах улсынхаа  эрхэнд саад болох аюул бий. Бид гурвын хувьд Элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн анхны офицерууд. Анги маань ачаалал, шаардлага гээд өндөр босготой байсан учраас хүнд саад бэрхшээл бүхнийг давж туулах бие бялдар болоод сэтгэлзүйн бэлтгэлээ эндээс олж авсан гэж боддог.  Тухайн үед өөрсдийнхөө тактик, шалгуураар алба хаагчдаа сонгож шалгаруулж бэлтгэдэг байлаа. Тэр хэмжээгээр манай ангийн хүний нөөц бүрдэж чадаагүй. Шаардлага хангасан цэргийн алба хаагч цөөн ирж байсантай холбоотой. Бид гурав 365 хоногийн талыг нь Тавантолгойд хээрийн сургууль хийж өнгөрөөсөн нь  рейнжер хэмээх өндөр босготой дамжааг төгсөх өд чухал түлхэц өгсөн гэж хардаг шүү.

-Монголын Зэвсэгт хүчин рейнжерүүдээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цэрэг эр гэдэг утгаар  нь тусгайлан  анхаардаг уу?

-Бусад орнуудын хувьд цалин хангамжаас нь эхлээд айхтар анхаардаг. Манайд бол тийм юм алга. Гэхдээ энэ бол тийм ч  чухал зүйл биш. Цэрэг эрс, хамт олны маань хүндлэл хамгаас чухал.

-Таны ажлын гараа аль ангиас эхэлж байв?

-1995 онд Зэвсэгт хүчний химийн анги буюу 119 дүгээр ангид тагнуулын салааны захирагчаар ажлын гараагаа эхэлсэн. Энэ ангид томилогдох үндэслэл нь ОХУ-ын Тамбов хотын Хими хамгаалах цэргийн дээд сургуулийг төгссөнтэй холбоотой. 1997 онд Зэвсэгт хүчний 150 дугаар анги байгуулагдахад нь томилогдон ажилласан. 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургуульд Зэвсэгт хүчнээс Р.Энхболд, н.Ууганбаяр бид гурав очиж суралцсан. Хятадад цэргийн мэргэжлээр төгссөн анхны гурав. Өмнөх алба хаагчид маань орчуулагч мэргэжлээр л төгссөн байдаг.

-Таныг удам дамжсан цэргийн хүн гэсэн. Хүүгээ шилдэг офицеруудын нэг болгоход аавын үүрэг их байдаг байх. Гэр бүлийнхээ талаар яриач?

-Аавыг маань Р. Довчинсүрэн гэдэг. Цэрэгт татагдан НАХЯ, Ардын армид ажиллаж байсан.  ЗХУ-ын Улс төрийн академийг төгсч ирээд Ардын армийн 134 дүгээр пуужингийн дивиз, 028, 065 дугаар ангид ажилласан байдаг. Хамгийн сүүлд нь Ардын армийн улс төрийн газарт ажиллаж байгаад дэд хурандаа цолтойгоор тэтгэвэртээ гарсан. Харамсалтай нь, аав минь 2002 онд бурхан болсон. Миний өнөөдөр сайн сайхан яваа бүхний цаана эцгийн маань үнэтэй сургааль байдаг.  Аав \”Миний хүү ажил мэргэжилдээ эзэн болж бай. Чи ажил эхлүүлсэн бол тууштай байж ард нь гар. Гэхдээ битгий онгирч бай. даруу бай\” гэж захьдаг байсан.  Ижийг маань  Д. Ренчин гэдэг сайхан эмэгтэй бий. ЗХУ-д Соёлын дээд сургууль төгсч ирээд Улсын нийтийн номын санд хэлтсийн дарга, Монгол Хувьсгалт Залуучуудын эвлэлийн хороонд зохион байгуулагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Би эцэг эхээс хоёулаа. Эгчийг маань Д.Байгаль гэдэг, Анагаах ухааны  их сургуулийн багш.

-Удам дамжсан эр цэрэг гэдэг эрхэм бахархлаа  үргэлжлүүлэх сонирхол мэдээж байдаг байх. Таны хүүхдүүдээс цэргийн хүн болох сонирхолтой хүүхэд бий биз?

-Болоосой л гэж бодох юм байна шүү дээ. Эцгийн хувиар хүчээр ч болтугай болгох бодол байна./инээв/

-Энхийг дэмжих ажиллагаанд  Монгол Улс анх  оролцоход Таныг залуухан офицер тийшээ явсан гэж  армийнхан ярих юм билээ…

-1999 онд Д.Баярсайхан генерал  /тухайн үед дэд хурандаа байсан санагдах юм/ надад “Манай улс энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор хөөцөлдөж, штабт энхийг сахиулах ажиллагааны алба байгуулах гэж байгаа.  Чи тэнд ажиллах уу?” гэж асуулаа. Тэр үед байгуулагдаад удаагүй байсан Элитийн гэж алдаршсан 150 дугаар ангид химийн албаны дарга, сургагч багш байсан. Ажил ч ихтэй байсан үе. “Сонирхолтой юм байна” гэж бодоод л  өнгөрсөн. Гэтэл 2000 онд Бүгд Найхамдах Казахстан улсад зохион байгуулагдах энхийг сахиулах ажиллагааны “ЦЕНТРАЗБАТ-2000” сургуульд манай Зэвсэгт хүчнээс нэг салаа оролцох болсон. Тус салааг удирдан явах хүндтэй үүрэг надад ногдсон. Тус сонголтыг нэлээд хэд хэдэн хүнтэй харьцуулан бодож байж Г.Рагчаа генерал гаргасан юм билээ. Нэгэнт дарга нар тушаасан учраас салаагаа удирдаж оролцсон. Бидэнд энхийг дэмжих ажиллагааны талаар мэдээлэл бага, зөвхөн хоорондоо ярилцаад, өөрсдөөрөө туршилт  хийж энхийг дэмжих хээрийн сургуульд оролцсон юмдаг. Тэр үед “Монгол цэргийн салаа гадаад оронд хөл тавилаа” гэж шуугиж байсныг санаж байна. 1945 оны Чөлөөлөх дайнаас  хойш Монголын цэрэг  ийм олноороо гадаадын оронд хөл тавьж байгаагүй юм билээ. Тэгээд тэгсэн биз. Өнөөдөр бол давхардсан тоогоор 13 мянга гаруй алба хаагч хилийн дээс алхаж, энхийг дэмжих ажиллагаанд оролцоод байна.

-Манай энхийг сахиулагчид л өнөөдөр эх орныхоо нэрийг мандуулж байна шүү дээ…

-Манай улс 2002 оноос хойш 14 жилийн хугацаанд давхардсан тоогоор 13 мянга гаруй цэргийн алба хаагч НҮБ  болон олон улсын энхийг дэмжих бусад ажиллагаанд оролцоод байна. Энэ хугацаанд монгол цэргүүд эх орныхоо нэрийг дэлхийд үргэлж  мандуулж байна.  Үүнийг өнөөдөр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргээ илгээж байгаа гадаад улс орон бүр, энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг эрхэмлэгч дэлхийн хамтын нийгэмлэг даяараа хүлээн зөвшөөрнө. Татвар төлөгчдийн мөнгө, төсвийн зардлыг Зэвсэгт хүчин зүгээр хийсвэр зүйлд зарцуулаагүй. Гадаад, додоодод болж байгаа Монгол Улс, монголын нийгэмд хэрэгтэй зүйлийг Зэвсэгт хүчин тэр болгон өөрийгөө рекламдахгүйгээр хийж гүйцэтгэсээр ирлээ. Энд олон тооны бүтээн байгуулалтын ажлыг дурьдаж болно. Зөвхөн нэг жишээ дурдахад,  Асгатын  Мөнгөний ордны замын ажлыг хийх нэг ч  хувийн хэвшлийн аж ахуйн нэгж тендер зарлахад гарч ирэхгүй байсан гэдэг. Тэгэхэд үүнийг нь  улсын төсөвт хэмнэлтэйгээр Зэвсэгт хүчний барилга инженерийн анги хийж гүйцэтгэж, тухайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нээж өгсөн.  Хуурай улиралд гаардаг ой хээрийн түймрийг манай цэргийн алба хаагчид унтрааж байна. Ердөө хэдхэн жишээ дурдаж бид нийгмийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж яваа гэдгээ хэлмээр байна. Цэргийн алба бол манай нийгмийн нэгэн салбар, Монгол Улсын нэг өнөр айл. Бусад салбартай харьцуулахад батлан хамгаалах салбар өөрийн гэсэн онцлогтой. Энд маш их ажил өрнөж байна.

 

Миний хувьд “Эрүүл биед саруул ухаан оршдог” гэдэг үгийг хэлэх дуртай.  Хугацаат цэргийн албанд татагдан ирсэн залуус бие бялдарын хувьд хөгжиж, хөл гар нь  чангардаг. Цэргийн алба хаахаар цаг хугацаа алддаг гэж зарим залуучууд ярих юм. Харин түүний оронд цэрэгт явах идэр залуус маань сошиал ухаад, солонгос кино үзээд цаг хугацаагаа алдаад байгаа юм биш үү.  Харин ч цэргийн алба хааснаар хүний хатуу ширүүн  гэсэн үг сонсч сурна, хамт олонч болно, багаар ажиллах чадвартай болно. Эх орныхоо түүх, баялаг өв уламжлалын тухай ойлголт, мэдлэгтэй болно. Эх орныхоо өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарласан эр цэрэг, эх орны хүү болж ирдгийг цэрэгт явсан залуус маань мэдэх байх. Монгол Улс өнөөдөр  улс төр дипломатын аргаар гадаад ертөнцөд амжилтад хүрч байгаа нь манай  энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байгаатай салшгүй холбоотой. Энэ бол Монголын Зэвсэгт хүчний, цаашлаад энхийн сахиулагчдын маш том гавьяа. Бид “Монгол цэрэг” гэсэн брэндийг НҮБ-ын болон эвслийн цэргийн ажиллагаанд бий болгож чадсан. Монгол цэргүүд зохион байгуулалтаараа үнэлэгдлээ. Үүрэг гүйцэтгэх чадвар, мэргэжлийн ур чадвараараа үнэлэгдлээ. Энэ бүхний цаана цэргийн багийн захирагч нарын ур чадвар, хичээл зүтгэл байдаг.

-Таны ажил бол энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийг удирдан чиглүүлэх. Энэ ажлын өдөр тутмын  бэрхшээл саад хэр байдаг бол. Зэвсэг техникийг сайжруулах, нийгмийн хамгаалалд нь анхаарах гээд асуудал ихтэйг ойлгож байна?

-Улс орны эдийн засгийн байдлаас хамаараад зэвсэг техникээ сайжруулаад явах боломж хомс байгаа ч манай залуус эрвийх дэрвийхээрээ зүтгэж, болгоод явж  байна.  Албан хаагчдын, ялангуяа цэргийн албанд ирж байгаа залуучуудын эрүүл мэнд салбарын хэмжээнд санаа зовоосон асуудал болоод байна. Гуравдугаарт, эх орныхоо нэрийг дэлхийд мандуулж байгаа алба хаагчдыг маань хэвлэлээр гүтгэх дайрах явдал сүүлийн үед гарах боллоо. Тэд ямар хүнд нөхцөлд үүргээ амжилттай гүйцэтгэж, дэлхийн улс орнуудын цэрэг эрчүүд биднээр хэрхэн бахдан биширч байгааг бичихгүй байж зөвхөн харлуулахын тулд  элдэв юм зохиож бичдэг сэтгүүлчдэд үнэхээр их харамсдаг. Даанч яав даа гэж боддог шүү. Бид шүүмжлэлийг бол хүлээж авна.  Харин гүтгэлгийг бол хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хамгийн сүүлд гэхэд “Өнөөдөр” сонины 2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны дугаарт “Цэргийн багийн захирагчийн баяжих арга” гэж нийтлэл гарсан байна. ЗХЖШ-ын даргын баталсан  энхийг сахиулагчдын сонгон шалгаруулах журам гэж бий. Энэ журмын дагуу тэнцсэн алба хаагчид ажиллагаанд явдаг.  Магадгүй ажиллагаанд явах гэсэн ч эрүүл мэнд, бие бялдараараа тэнцээгүй алба хаагч, цэргийн баг удирдах хүсэл сонирхолтой ч дадлага ур чадвар нь дутсан  офицер буруу зөрүү мэдээлэл өгсөн байхыг үгүйсгэхгүй.  Зэвсэгт хүчний цэргийн багийг ойролцоогоор 30 гаруй цэргийн алба хаагч удирдаж явсан. Эдгээр багийн захирагч нараас хөрөнгө мөнгөтэй, чинээлэг болсон хүнийг би лав мэдэхгүй. Багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн хүн бүр одоо АТГ-т мэдүүлэг өгөх албан хаагчдын жагсаалтад багтдаг албан тушаал дээр ажиллаж байгаа. Хэрэв гэнэт хөрөнгөжсөн багийн захирагч байсан бол холбогдох байгууллага нь шалгаад явах байх. Багийн захирагчтай холбоотой асуудал гарсан бүрт ЗХЖШ-ын удирдлага холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлдэг, хариуцлага тооцдог. Дээрхи нийтлэлийг бичсэн сурвалжлагч ЗХЖШ-т хүрч ирээд бодит болсон зүйлтэй нийцүүлэн бичсэн бол сайн л байхсан. Ажил үүргийн хуваарийн дагуу хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулздаг. Тэдэнд “ЗХЖШ улсын болон цэргийн нууцтай хамааралтай биш бол бүхий л мэдээллийг хуваалцана. Харин явган ярианы шинжтэй зүйл байвал ирж  лавлаад, нийгэмд бодит мэдээллийг түгээгээч” гэдгийг хэлдэг. Эцсийн дүнд эх орныхоо нэрийг маш богино хугацаанд дэлхий дахинаа гаргаж ирсэн алба хаагчдын маань талаархи мэдээлэл бүхэн бодитой байх ёстой шүү.

-Үймээн самуун ихтэй, иргэний зөрчил ихтэй газар үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдаа өдөр бүр удирдлагаар хангаж ажилладгийн хувиар Таны хамгийн их айдаг зүйл юу вэ?

-Ямар нэгэн эрсдэл гарчих вий, тухайн бүс нутагт нь ширүүхэн үймээн самуун болчих вий, алба хаагчдад маань ямар нэгэн гэнэтийн аюул тохиолдох вий гэдгээс их айдаг. Гэхдээ би монгол цэргүүддээ 100 хувь итгэдэг. Үүрэг гүйцэтгэх чадварт нь  итгэдэг. Ямар ч эрсдлийг даваад л гардаг онцгой чадвартай шүү, манай залуус.

-Та өөрөө хэдэн удаа энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэв?
-Гурван удаа.

-НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэрэг хандивлагч орны хувиар манай улс топ 20-д багтдаг гэдэг. Цаашдаа амжилтаа ахиулж топ 10 дотроо орох  боломж байдаг уу?

-Өнөөдөр Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа олон улсын энхийг сахиулагчид дотроос Монголын энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэх ур чадвараар хамгийн өндөр гэж тус ажиллагааны удирдлага, бусад орныхон үзэж байна. Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийн хувьд дэлхийн мэргэжлийн армийн цэргийн алба хаагчидтай энэ зэрэгцэн ажил үүргээ гүйцэтгэж байна. Харин топ 10 руу дэвших, эсвэл топ тавд багтах асуудал хүндрэлтэй. Яагаад гэхээр манай улсын хүн амын тоо, цэргийн тоо бусад орнуудын хувьд харьцангуй бага учраас боломжгүй. Харин үүрэг гүйцэтгэх байдлаараа хүлээн зөвшөөрөгдсөн  нэр хүнд, “Монгол цэрэг” хэмээх брэндээ хадгалж үлдэх нь бидний зорилго байх ёстой.

– Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Та 2015 онд бригадын генерал цол хүртсэн. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж яваа эр цэргийн  хувьд мөн ч  их баярласан байх даа… 

– Эцэг эхийн өвлүүлсэн эрдэм мэдлэг, тусалж дэмжиж яваа хамт олон, надад итгэл хүлээлгэсэн удирдлагын ач буянаар энэ хүндтэй цолыг хүртсэн гэж боддог.Тухайн үедээ маш  их баярласан. Намайг Баруун Сахар руу үүрэг гүйцэтгэхээр явах үед Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины дарга, хурандаа Г.Нямдорж ярилцлага авахдаа “Та нас залуу атлаа Зэвсэгт хүчинд гүйцэтгэж буй үүргээрээ үеийн офицеруудаа манлайлах юм. Генералын мөрдэс удахгүй мэт харагдаж байна” гэж байсан юмдаг. “Санаж явахад бүтнэ, байлдагчийн халаасанд генералын мөрдэс байдаг” гэж хариулж байсан маань өнөөдөр  биеллээ олжээ гэж харж байна. Энэ эрхэм цолыг дагаад том хариуцлага байдаг. Энэ завшааныг ашиглаад цэргийн хэргийн өргөн мэдлэг, чадвар, хүний мөс, ноён нуруу, сүрлэг сайхан жавхаа хийморь, үлгэрлэл, манлайлал нь болж яваа сайхан буурал генералууддаа хамгийн сайн сайхан хүсье.

Төгссөн сургууль:
1980-1990 онд манай улс дахь Зөвлөлтийн наймдугаар дунд сургууль
1990-1995 онд ОХУ-ын  Тамбов хотын Хими хамгаалалтын цэргийн дээд сургууль
1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль
2001 онд АНУ-ын Армийн Явган цэргийн офицерын үндсэн дамжаа
2001-2002 онд АНУ-ын Армийн Рейнжерийн дамжаа
2007-2008 онд АНУ-ын Тэнгисийн явган цэргийн команд штабын коллеж
2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус дүүргэсэн.
ОХУ-ын техникийн магистр, АНУ-ын цэргийн судлалын магистр, АНУ-ын аюулгүй байдлын магистр цолтой.

Ажлын туршлага:
1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид салааны захирагч,
1997- 2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид химийн албаны дарга, сургагч багш, 2002 оны 10 дугаар сараас Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг Сахиулах ажиллагааны Үндэсний сургалтын Төвийн орлогч дарга, төлөвлөгч офицер,
2003-2008 онд ЗХЖШ-ын Энхийг Сахиулах Ажиллагааны газрын удирдлага, төлөвлөлтийн хэлтэст мэргэжилтэн,
2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчийн орлогч, Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга,
2010-2011 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд референт,
2012-2014 онд ЗХЖШ-ын Бодлого, Стратегийн төлөвлөлтийн газрын орлогч, бодлогын хэлтсийн дарга,
2014 оны 11 дүгээр сараас ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байна.

Эх сурвалж: www.mod.gov.mn

scroll to top