Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Матад сумын Баянхангай багийн “Харганы цар” гэдэг газар хээрийн түймэр гарч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Дэрсэн-Ухаа” гэдэг газарт дамжин тархсаныг Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, Эрдэнэцагаан, Сүхбаатар сумын иргэд, нийт 115 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж бүрэн унтраасан байна.
Харин Дорнод аймгийн Халх гол сумын Ялалт багийн “Өндөр хүрээ” гэдэг газар гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус сумын нутагт байрлах Хилийн цэргийн 306 дугаар ангийн Мэнэнгийн отряд, “Петро-Чайна-Дачин-Тамсаг” ХХК, Халх гол сумын иргэд, нийт 78 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Дашрамд дуулгахад, 2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 53 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барж, дөрвөн хүн түлэгдэж гэмтсэн байна.
Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхины хурд 18-20 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Тиймээс салхи, шуурганы үеэр иргэн та түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, түймрийн аюултай үед айл орх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, насанд хүрээгүй хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байж ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.