Хууль сахиулах болон Онцгой байдлын чиг үүрэгтэй байгууллагуудын эмх замбараагүй байдал үүссэн үеийн хамтын ажиллагааг сайжруулах, тэдний албаны бэлэн байдлын жигдрэлт, бэлтгэлжилтийг хангах зорилгоор зохион байгуулагдсан “Сэлэнгэ-2016” команд штабын сургууль энэ сарын 18-19-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт амжилттай явагдаж дууслаа.
“Онцгой байдал үүссэн үед Сэлэнгэ аймаг дахь тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцан ажиллагаа” сэдэвт энэхүү команд штабын сургуульд Онцгой байдал, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Хууль сахиулах их сургууль, Хилийн цэрэг, Тахарын албанаас нийт 300 гаруй албан хаагч оролцсон юм.
Команд штабын сургууль 05 дугаар сарын 18-ны өглөөний 05:00 цагт “Яаралтай цугларах” дохиогоор бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлын үзлэгийг явуулан сургуульд оролцогч бүрэлдэхүүнийг хээрийн байрлалд шилжин байрлуулсанаар эхэлж, өгөгдсөн цагийн байдал дээр ажиллах дадлага сургуулилтаар үргэлжилсэн.
Үдээс өмнө өгөгдсөн хийсвэр цагийн байдал үдээс хойш бодит цагийн байдалд шилжсэн нь хууль сахиулах байгууллагуудын бие бүрэлдэхүүний чадавхийг шалгасан гэнэтийн шалгалт болсон гэж болно.
Сэлэнгэ аймгийн Онцгойбайдлын газрын хувьд тус сургуулилтад 24 хүний бие бүрэлдэхүүнтэй оролцож, өгөгдсөн цагийн байдлууд дээр ажиллаж, эмх замбараагүй байдал үүссэн үед гарсан гал түймрийг унтраах үзүүлэх сургуулилтыг үзүүлсэн юм.
Команд штабын сургуульд Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцож, хууль сахиулах байгууллагуудын бие бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө.
Тэрбээр “Хууль зүйн яамны харьяа агентлагууд хууль сахиулах үйл ажиллагааны явцад гарцаагүй хоорондоо хамтран ажиллах шаардлага гардаг. Тиймээс онц ноцтой байдал үүссэн үед хууль сахиулах байгууллагууд хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг төлөвлөгөөтэй байх ёстой. Ийм төлөвлөгөө одоогоор бидэнд байхгүй байгаа учраас энэ дадлага сургуулийг Хууль сахиулахын их сургууль санаачилан зохион байгуулж байгаа юм. Энэ сургуулийн явцыг бид гарын авлага болгож, бүх аймаг орон нутгийн салбаруудад хүргүүлнэ. Цаашдаа хууль сахиулах байгууллагууд тус бүртээ ийм үед ажиллах төлөвлөгөөтэй, түүн дээрээ бүрэн ажилласан байх ёстой. Хууль сахиулахын их сургууль сургалтын хөтөлбөрөө сайжруулж, чадварлаг удирдах боловсон хүчинг бэлтгэх ёстой” гэв.
Сургуулийн төгсгөлд команд штабын сургуульд оролцсон Хууль сахиулах болон Онцгой байдлын чиг үүрэгтэй байгууллагуудад талархал гардуулж, салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим албан хаагчдыг Хууль зүйн яамны Тэргүүний ажилтан цол тэмдэг, Хүндэт жуух бичиг болон аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнаж, урамшуулсан юм.
Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн бүлгийн дарга, ахлах дэслэгч М.Ганбаатар Хууль зүйн яамны Хүндэт жуух бичгээр, Гал түймэр унтраах, аврах 36-р ангийн салааны захирагч, дэслэгч Б.Бат-Эрдэнэ аймгийн Засаг даргын Жуух бичгээр шагнууллаа.