Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, БЗХАГ-ын дарга, онцгой байдлын дэд хурандаа Л.Өлзийбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өчигдөр Орхон аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилт зэрэг нөхцлийг харгалзан тус аймгийн Баян-Өндөр суманд шинээр Эрэн хайх, аврах анги байгуулахаар шийдвэрлэж, барилгын зураг төслийг гаргажээ.
Улмаар Эрэн хайх, аврах шинэ анги байгуулахад зориулж 3,4 га талбайг аймгийн Засаг даргаар шийдвэрлүүлсэн гэж Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Г.Ганбаатар танилцууллаа.
Шинээр байгуулагдах анги нь аврагчдын сэтгэл зүйн зурвас, бэлтгэл хийх сургалтын талбай, гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн болон олон улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах, тамирчид бэлтгэл сургуулилт хийх талбайтай байх гэнэ.
Мөн нисдэг тэрэг буух, хөөрөх талбайг байгуулахаар төлөвлөжээ. Эрэн хайх аврах анги байгуулах Засгийн газрын тогтоол удахгүй гарах юм байна.
Энэ жил Орхон аймгийн болон Онцгой байдлын газар байгуулагдсаны 40 жилийн тохиож байгаа. Тиймээс Орхон аймгийн Онцгой байдлын газрын хамт олон ойг угтсан бүтээлч ажлуудыг өрнүүлэн ажиллаж байгаа аж.
Үүний нэг нь Баян-Өндөр сумын Эрдэнэ багт “Аврагчдын өргөн чөлөө” байгуулахаар болон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Тус гудамжинд Онцгой байдлын алба байгуулагдсан цагаас эхлэн ашиглаж байсан Гал унтраах автомашин, техник хэрэгслийг мөнхжүүлэн байрлуулах юм байна.
Түүнчлэн Онцгой байдлын газраас албан хаагчдынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа талаар ОБЕГ-ын даргад уулзалтын үеэр танилцуулсан. Тус газраас энэ жил Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Япон улстай хамтран байгуулсан Бүсийн эмчилгээ оношлогооны төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Ингэснээр 135 албан хаагч нарийн мэргэжлийн оношлогоо, эмчилгээг эх орондоо үнэ төлбөргүйгээр хийлгэх боломжийг бүрдүүлжээ.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын ирэх жилийн зорилтод тусгагдсан Гамшгийн шуурхай удирдлагын бүсийн төвүүдийг байгуулахтай холбогдуулан тус аймагт байгуулах Хойд бүсийн төвийн удирдлагын байрны зураг, төслийг хийж танилцуулахыг үүрэг болголоо.