Өнгөрсөн бямба гаригийн бага үдэд Их эзэн Чингисийн талбайд Монгол төрийн далбаа намиран, цэрэг эрс эгнэн жагсч, бүрээ хангинан, бөмбөр начигнаж, үзэгч иргэд баяр, жагсаал эхлэхийг хүлээж дор бүрнээ догдолж байлаа. Морин цаг болоход ерөнхий командлагчийн сүр жавхлантай дуу хадаж анги байгууллагууд жагсаалд бэлэн тухай мэдээлснээр үлээвэр найрал хөгжимд Монгол Улсын төрийн дуулал эгшиглэн “Монгол цэргийн жавхаа 2016” уралдааны төгсгөлийн шатны шалгаруулалт эхэлснийг зарлалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл энэхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол цэргийн жавхаа” уралдааныг хугацаат цэргийн алба хааж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалахын төлөө тангараг өргөн хичээл зүтгэл гаргаж суралцсан залуучууддаа хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. “Монгол цэргийн жавхаа-2016” уралдаанд оролцсон Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын албан хаагч, дайчид болон залуучуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлж, иргэний баттай суурийг бий болгож өгөхөд хүчин зүтгэл гаргаж, эх орныхоо аюулгүй байдлыг нүд цавчилгүй сахин хамгаалж байдаг Монгол Улсын Зэвсэгт хүчиндээ талархал илэрхийлье” гэсэн юм. Харин Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон цугласан олонд хандахдаа “Иргэн цэргийн бахархлын өдрийн мэндийг хүргэж байгаадаа баяртай байна.
“Монгол цэргийн жавхаа” уралдааныг хугацаат цэргийн алба хааж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалахын төлөө тангараг өргөн хичээл зүтгэл гаргаж суралцсан залуучууддаа хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
Эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэхээ илэрхийлэн тангараг өргөж, цэргийн алба хаасан иргэдийн баярын энэ өдрийг бид бүхэн цэргийн сүр жавхлант жагсаал, дуу хууртайгаар хамтран тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ. Энэхүү “Улаанбаатар цэргийн хүрээ”-ний анги, байгууллагуудын жагсаалч байдал, цэргийн хотхоны тохижилт, эрүүл, аюулгүй орчин бий болгох, цэргийн алба хаагчдын бие бялдрын зохистой төвшинг сайжруулах, хүүхэд залууст цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн бүр хуулиар хүлээсэн үндсэн үүргээ биелүүлж цэргийн алба хаах омогшил, сэтгэлийг нь хөгжөөх зэрэг олон талын ач холбогдолтой энэхүү уралдааныг санаачлан жил бүр зохион байгуулж, бүх талаар дэмжлэг үзүүлж ирсэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Засаг даргын тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье” гэсэн юм.
Энэ жилийн уралдаанд нийт 31 цэргийн анги байгууллага оролцжээ. Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 11-23-нд зохион байгуулсан бөгөөд Зэвсэгт хүчний 350, 084, 017,150, 119, 029, Хилийн 0164, 0252, Онцгой байдлын аврах тусгай анги гэсэн есэн байгууллага шалгарсан аж. Харин хоёрдугаар шатны шалгаруулалт тавдугаар сарын 20-нд болж, өмнөх шатанд шалгарсан есэн ангийг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа, цэргийн эмнэлэг, харуулын байрны тохижилт гэсэн шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна.
Харин энэ өдөр буюу “Монгол цэргийн жавхаа 2016” уралдааны төгсгөлийн шатны шалгаруулалтын хүрээнд эхлээд талбайд юу чаддагаа харуулахаар өмнөх шатны шалгаруулалтаас шилэгдэж уригдсан есөн байгууллагын үзүүлэх тоглолт болсон юм. Зэвсэг хэрэгсэлтэй, дуу хөгжимтэй, эсвэл бүжигтэй гэх зэрэг янз бүрийн хэлбэрээр үзүүлэх тоглолт харуулсан анги, байгууллагуудын талаар хөтлөгчид уран гоё тайлбарлахдаа тухайн анги, байгууллагын түүх, замнал, онцлогоос дурдаж байсан нь сонирхолтой.
Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим нь 1955 онд байгуулагдсан бөгөөд урын сангаа тогтмол баяжуулж ирснээр дэлхийн 140 гаруй орны төрийн дуулал, дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг ч урын сандаа багтаасан томоохон мэргэжлийн урлагийн байгууллага аж.
Тухайлбал, хурандаа Д.Энхбаатар захирагчтай “Алтан гадас” одонт Зэвсэгт хүчний 119 дүгээр анги нь Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны сайдын 1967 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 262 дугаар тушаалаар “Армийн химиэс эсэргүүцэн хамгаалах тусгай батальон” нэртэйгээр хоёр рот, гурван тусгай салаатайгаар байгуулагдсан байх аж. Төрийн торгон цэрэг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын тусгай рот нь гадаадаас Монгол Улсад айлчлан ирэх төрийн тэргүүн, Элчин сайдууд болон бусад төрийн ёслол хүндэтгэлийн үүргийг гүйцэтгэх тусгай байнгын салбартай болох зорилгоор байгуулагдсан байна. Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим нь 1955 онд байгуулагдсан бөгөөд урын сангаа тогтмол баяжуулж ирснээр дэлхийн 140 гаруй орны төрийн дуулал, дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг ч урын сандаа багтаасан томоохон мэргэжлийн урлагийн байгууллага аж. Мөн Онцгой байдлын аврах тусгай анги, олноо элитийн батальон хэмээн алдаршсан Зэвсэгт хүчний 150 дугаар анги, хилийн инженер, техникийн 0252 дугаар анги тус бүрийг онцлог үүргийг нь дуудан алдаршуулж байсан юм.
Үүний дараа цэргийн анги, байгууллагуудын жагсаал орж ирсэн. Хөл, мөр нийлүүлэн тэвхийтэл зэрэгцэн алхах, нэгэн амьсгаагаар нэг хүн шиг идэр насны хийморь илтгэн дуулж, үе үе уухай хадаах нь сэтгэл огшоом юм билээ. Цэргүүдийн сүрлэг энэ жагсаалыг харсан, үзсэн эр хүн бүр армид алба хаах хүсэл зориг өөртөө олж эр хүний жавхаагаар эрхгүй бахдах ажээ.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаал анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг ийнхүү дөрөв дэх жилдээ зохион байгуулав.
“Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны шилдгүүдийг зарлах мөчийг талбайд хуран цугласан хүлээж ядан байсан нь мэдээж. Дүнг танилцуулахад цэргийн ангиуд дараахь байдлаар шалгарсан байлаа. Үүнд, тэргүүн байрыг хурандаа Б.Хаш-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн хамт олон эзэлж “Тэргүүний тохижилттой, жагсаал анги” өргөмжлөл, орон сууц, ангийнхаа эмнэлэгт иж бүрэн эмнэлгийн хэрэгсэл хүлээн авсан юм. Дэд байранд хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хамт олон шалгарч мөн өргөмжлөл, орон сууц, эмнэлгийн хэрэгсэл шагналд авсан. Гутгаар байрыг хурандаа Д.Гантөмөр захирагчтай Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн хамт олон эзэлж өргөмжлөл, орон сууц, эмнэлгийн хэрэгслээр шагнууллаа.
Шалгаруулалтын тусгай байрыг хурандаа С.Болдбаатар захирагчтай 150 дугаар ангийн хамт олон эзэлсэн бөгөөд өргөмжлөл, дөрвөн сая төгрөг, эмнэлгийн хэрэгсэл хүлээж авсан юм.
Цэрэг эрс, дайчин байлдагчдын сүр жавхааг харуулсан уг арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалахяамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Онцгой байдлын анги, байгууллагуудын алба хаагчид, “Хааны эрэлд-2016” олон улсын цэргийн хээрийн сургуульд оролцож байгаа таван тивийн 47 орны 100 гаруй офицер, нийслэлийн иргэд оролцлоо.