Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорнод, Өмнөговь аймагт бороо орсон.

Өнөөдөр: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст  баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос 6-11 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохүй.  Салхи зүүн хойноос 5-10 м/с.  18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 7-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун болон төвийн нутгаар, 9-нд төв, зүүн зүгийн нутгаар бороо орно. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд зарим газраар, 9-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 8-нд баруун, төвийн нутгийн хойд хэсгээр, 9-нд төв, зүүн зүгийн нутгаар сэрүүхэн байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Эргэлийн-Ар” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн Т /38 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.05.29-ний өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, ар гэрийн 4 хүн, орон нутгаас 4 иргэн, нийт 21 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.04-ний өдрийн байдлаар завьтай 20 км, явганаар 10 км газарт самналт хийсэн.

Ус, цас, шаварт саатсан: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт Идэр голын гүүрний даланд 25-59 ЗАН улсын дугаартай “Фургон” загварын автомашин усанд суусан гэсэн дуудлагыг 2016.06.04-ны өдрийн 09:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч ажиллаж татан гаргасан. Уг автомашинд том хүн 13, хүүхэд 8 нийт 21 хүн зорчиж явсан.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины Аманд иргэн Б-гийн 87-67 УНЯ улсын дугаартай “Шовролет-Крузе” загварын автомашин замын хажуу руу унах гээд байна гэсэн дуудлагыг 2016.06.04-ний өдрийн 20:58 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч ажиллаж аюулгүй болгосон.

 

3.Ой, хээрийн түймэр: 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Халтар багийн “Халтарын говь” гэдэг газар /Хилийн 6 дугаар заставаас 7 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.06.04-ний өдрийн 18:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн 0146 ангийн 6 албан хаагч, нийт 18 хүн ажиллаж байна. 

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 7, орон нутагт гал түймрийн 3, зөрчлийн 1 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.04-ний өдрийн 12:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч,

Төв аймгийн Сэргэлэн сум, Төмөр замын 4 дүгээр зөрлөгт 2654 дугаартай Толгойтоос Чойрын чиглэлийн таваарын 028 дугаар цувааны зүтгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.05-ны өдрийн 01:20 цагт хүлээн авч Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч, Төмөр замын гал унтраах ангийн 5 албан хаагч, нийт 12 албан хаагч,

Увс аймаг Улаангом сумын 3 дугаар баг “Энержи Импайр” ХХК-ийн хашаанд УВХ 69-14 улсын дугаартай “Гранд марк 2” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.04-ний өдрийн 14:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн Хээтэй хороолол “Петровис” ШТС-ын хажуу талын “Самданчойлон дацан” шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.05-ны өдрийн 03:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт саравч, дотор нь эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.04-ний өдрийн 14:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

5.Техникийн холбогдолтой осол:

Тээврийн хэрэгслийн осол: Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн “Тохойн-Адгийн булгийн дэвсэг” гэдэг газар /сумын төвөөс 100 км  орчим зайд/ нүүдэл хийж байгаад иргэн Т /52 настай, эрэгтэй/ 09-59 УНР улсын дугаартай “Фургон” загварын автомашинтай явж байгаад 50 метрийн гүн хавцал руу унаж осолдсон тухай дуудлагыг 2016.06.04-ний өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгаас 30 иргэн, нийт 38 хүн ажиллаж байна.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top