Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, БУлган, Хөвсгөл нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн ихэнх, говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантэй. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 4-9 м/с, нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 26-31 градус, говийн аймгуудын нутгаар 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж 5-10 м/с. 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд зүүн зүгийн нутгаар, 16-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 14-нд баруун зүгийн нутгаар, 15-наас ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн хөндий болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн “Харсайрын булан” гэдэг газар Дэлгэр мөрөн голын усанд иргэн Б /30 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудагыг 2016.06.06-ны өдрийн 20:06 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг зохин байгуулсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул 2016.06.07-ны өдөр ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоосон боловч дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрийнхэн нь 2016.06.10-ны өдрийн 12:00 цагт ирүүлж тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.11-ний өдрийн байдлаар нийт 50 км газарт самналт хийсэн байна.

Сураггүй болсон: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын Сажин хурахын аманд иргэн Л /54 настай, эрэгтэй/ төөрсөн гэсэн дуудлагыг 2016.06.09-ний өдрийн 14:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 19 албан хаагч, ар гэрийн 18 хүн, нийт 37 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.11-ний өдрийн байдлаар олдоогүй тул эрэн хайх ажиллагааг 22:10 цагт түр зогсоосон. 

Усанд саатсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Төмөр замын гүүрэн доор  Туул голд автомашин суусан гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 2016.06.11-ний өдрийн 09:46 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн аврах шуурхай салбарын 8 албан хаагч ажиллаж 53-83 УНТ улсын дугаартай “Короло” загварын автомашинтай голын усанд суусан байсныг;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн урд салаанд Туул голд автомашин суусан гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 2016.06.11-ний өдрийн 14:46 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн аврах шуурхай салбарын 8 албан хаагч ажиллаж 36-52 УНХ улсын дугаартай “Ниссан санни” загварын автомашинтай голын усанд суусан байсныг тус тус татан гаргасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн урд 85 дугаар сургуулийн харалдаа Туул голд машин урссан дуудлагыг 2016.06.11-ний өдрийн 15:20 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн аврах шуурхай салбарын 8 албан хаагч ажиллаж 44-51 УНД улсын дугаартай “Ниссан пикаб” загварын автомашин урсаж явсныг татан гаргаж, иргэн С /30 настай эрэгтэй/, Ч /39 настай эрэгтэй/, С /30 настай эрэгтэй/ нарын амь насыг аварсан.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн “Шовгор тэсэг” гэдэг газар малчин У-гийн суурьт 1 тэмээ 2016.06.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Шивэртийн-Ам” гэдэг газар малчин Ц-гийн 1 үхэр 2016.06.02-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн “Устын булаг” гэдэг газар малчин Ц-гийн суурьт 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 3 дугаар багийн “Шар хөндийн-Ам” гэдэг газар малчин М-ийн суурьт 10 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Их харгана” гэдэг газар малчин Э-гийн суурьт 2 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Шар хүнгүй” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 1 дүгээр багийн “Хар давааны-Ам” гэдэг газар малчин М-ийн суурьт 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн “Шувууны-Ар” гэдэг газар малчин Х-гийн суурьт 3 хонинд 2016.06.02-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.06.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

Үер, усанд боогдсон: Ховд аймгийн Мянгад сумын нутгаар бороо орсны улмаас Ховд гол, Мянгадын их гол, Бага гол тус тус үерлэж Чацарганат, Гахайт багийн “Цагаан чулуут”, “Мөрөнгийн-Ам” гэдэг газруудад айл өрхүүд усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.11-ний өдрийн 09:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч ажиллаж 31 иргэн, 25 өрх айл, 6000 малыг нүүлгэн аюулгүй газарт шилжүүлсэн.

Говь-Алтай аймгийн Дарви сумын Эхэс нуур багийн “Баяннуур”, ”Бэлчир” гэдэг газруудад айл өрхүүд усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.11-ний өдрийн 22:55 цагт хүлээн авч тус аймгийн орон нутгаас 10 хүн ажиллаж 2 өрх айл, 4 мал усанд автсаныг нүүлгэн шилжүүлж аюулгүй газарт шилжүүлсэн.

4.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Мойлтын гуу” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.06.11-ний өдрийн 13:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, орон нутгаас 11 хүн, нийт 17 хүн ажиллаж мөн өдрийн 14:30 цагт цурманд оруулан 17:23 цагт бүрэн унтрааж байгаль хамгаалагч Б.Даваа-Очирт хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Мухар дөхөм” гэдэг газар /сумын төвөөс хойд урд зүгт 40 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.06.11-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгаас 10 хүн, нийт 22 хүн ажиллаж мөн өдрийн 21:00 цагт цурманд оруулан 23:38 цагт бүрэн унтрааж байгаль хамгаалагч С.Март, БОУБ-гч Б.Отгонтөгс нарт хүлээлгэн өгсөн.

5.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 5 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Шороотын-Амны задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.11-ний өдрийн 10:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.12-ны өдрийн 05:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

6.Техникийн холбогдолтой осол: 

Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын урд зам дээр автомашин замын хажуу руу онхолдож төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2016.06.12-ны өдрийн 05:55 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн аврах шуурхай салбарын 8 албан хаагч ажиллаж 64-33 УНА улсын дугаартай “V-6” загварын суудлын автомашинд иргэн Б /29 настай, эрэгтэй/ машины бүхээгний төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж ГССҮТ-д хүргэж өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top