Онцгой байдлын албаны өдөр тохиож байна

9X1A9706.jpg

Монгол Улсад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч нэгдсэн тогтолцоонд шилжсэний 13 жилийн ойн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна.

Одоогоос 13 жилийн өмнө буюу 2003 оны 06 дугаар сарын 20-ны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж байсан.

Онцгой байдлын албаны өдрийг тохиолдуулан өнөөдөр тус албанд шинээр томилогдсон албан хаагчдаар төрийн тусгай албан хаагчийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа болно.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд нийт 127 албан хаагч оролцоно.

Мөн  Онцгой байдлын албаны үүсэл, хөгжил, түүхийн арвин баялаг эд өлгий, баримт материалыг цуглуулах, судлан шинжлэх,  хадгалан хамгаалж хойч залуу үедээ өвлүүлэх,  олон нийтийн хүртээл болгох, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор байгуулсан түүхэн музейн нээлт болно.

Онцгой байдлын албаны түүхэн замнал, анхдагч, гавьяат үйлстнүүдтэй холбоотой баримт сэлтүүд, цөмийн зэвсгээс хамгаалах хэрэгсэл, багажууд, сургалтын материал, ном, сурах бичиг, гал сөнөөгчдийн хэрэглэж байсан хувцас, багаж хэрэгсэл, улсын нөөцөд хадгалагддаг бараа материалын дээж зэрэг 500 гаруй эд, өлгийн үнэт зүйлс дэлгэгдээд байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу 2014-2015 оны нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв, аврах ангийн барилгын нээлтийн ажиллагаа тус тус болно.

scroll to top