Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын чухал салбар болох Онцгой байдлын байгууллагыг бэхжүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцлөөр хангах, нийслэлийн хүн амд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг, осол тохиолдсон нөхцөлд өөрийгөө болон өрөөлийг хэрхэн авран хамгаалах талаар мэдлэг, дадлага олгох сургалт зохион байгуулж явуулах нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, аврах ангийн нээлтийн ажиллагаа боллоо.
Нээлттийн ажиллагааг нээж нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр нар үг хэлсэн юм.
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Аюулгүй, амгалан Улаанбаатар” зорилтын хүрээнд 2014-2015 оны нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Онцгой байдлын газарт 6,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, аврах ангийн барилга” нь 4,1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр баригдаж дууслаа.
Иргэдийнхээ аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлэхийн тулд 2,4 тэрбум төгрөгийн төсөв өртөгөөр гамшгийн эрсдэлийг даван туулах, аврах эрэн хайх ажиллагаанд, сургалт сурталчилгаанд ашиглагдах орчин үеийн өндөр хүчин чадал бүхий техник, тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмжээр хангасан байна. Олон улсын шаардлага хангахуйц багаж хэрэгслийг ашигласнаар, иргэдийг учирч болзошгүй ослоос урьдчилан сэргийлж, аврах ажиллагааг богино хугацаанд, хурдан, шуурхай зохион байгуулах, үр дүнтэй болж байна
Сургалт арга зүйн төвийн барилга нь эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, утаат орчны дадлага хийх, өндрөөс аврах үйл ажиллагааны танхим, номын сан, газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхим, үзвэрийн 3D бичил кино театр ,нийслэлийн Онцгой комиссын хуралдааны танхим, бага хурлын танхим, зэрэг нийт 52 өрөөтэй. Гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулах, аврах дуудлагаар ажиллах аврах ангитай иж бүрэн цогцолбор байгууламж юм.
Сургалт арга зүйн төв нь нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг үе шаттайгаар дээшлүүлж, аливаа гамшгийг хохирол багатай даван туулах, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах нөхцлийг бүрдүүлсэн. Нэг ээлжиндээ 150-200 хүнд сургалт зохион явуулах хүчин чадалтай. Монгол Улсын хэмжээнд анхны гамшгаас хамгаалах сургалтын төв болж үйл ажиллагаа явуулах юм.