Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун ба говийн аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс 6-11 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, говь талын бүс нутгаар нутгаар 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орно, дуу цахилгаантай, салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал:  27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зарим газраар, 30-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 27, 29, 30-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 27-нд ихэнх нутгаар, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Завхан аймгийн Идэр сумын “Идэр”-ийн голоор Швейцарийн холбооны улсын иргэн Б /69 настай, эрэгтэй/ 2016.05.24-ны өдөр завьтай аялалд гараад, хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Олон голын бэлчир гэдэг газар Сэлэнгэ мөрөнд 2016.06.10-ны өдөр явж байснаас хойш сураггүй болсон тухай дуудлагыг 2016.06.21-ний өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч 2016.06.21-ний өдрийн 16:00 цагаас эхлэн Дэлгэрмөрөн голын “Хилэнт”-ийн гүүрнээс  завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.24-ны өдрийн байдлаар Тариалан сумын Сэлэнгэ багийн нутаг Нүхтийн үзүүр гэдэг газар хүртэл нийт 300 км усаар урсаж, 19:30 цагт эрлийг зогсоосон. Их-Уул сумын Мандал багийн нутаг “Цагаан хад” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд завьтай урсаж явсаныг тус багийн малчин М малаа дурандаж байгаад харсан, мөн 10-аад хоногийн өмнө Их-Уулын сумын “Бага-Ацийн” бирвааз дээр иргэн Б-тай уулзаад явсан тухай мэдээлсэн. 2016.06.25-ны өдрөөс Булган аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 завьтайгаар Сэлэнгэ мөриний усанд эрэн хайх ажиллагааг;

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн Хонхорын задгайд оршин суугч иргэн Н /21 настай, эрэгтэй/ тус багийн “Суу толгой” гэдэг газар Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.06.25-ны өдрийн 17:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч эрэн хайх ажиллагааг;

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Доргонт” гэдэг газар Туул голын усанд О /13 настай, эмэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.06.25-ны өдрийн 20:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч эрэн хайх ажиллагаа тус тус  зохион байгуулж байна.

Газрын хэвлийд эрэн хайх: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Заяа түвшин” ХХК-ийн эзэмшлийн талбайд иргэн Х-гийн эзэмшлийн хаагдсан уурхайд 2 хүн агааргүй орчинд унасан тухай дуудлагыг 2016.06.25-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн 7 албан хаагч ажиллаж уурхайн 27 метрийн гүнд ухаан алдан унасан иргэн М /41 настай, эрэгтэй/-г эсэн мэнд гаргаж дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд, иргэн Г /49 настай, эрэгтэй/ уурхайн 47 метрийн гүнд нас барсан байсныг цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн “Шувууны-Ар” гэдэг газар малчин Х-гийн суурьт 3 хонинд 2016.06.02-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.06.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Булштайн дэнж” гэдэг газар малчин Ш-ийн 30 хонь 2016.06.08-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн “Жаргалант” гэдэг газар малчин С-ийн 3 хонь, 2 хурганд  2016.06.22-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн “Булгийн дэнж” гэдэг газар малчин Л-ийн суурьт 1 үхэр 2016.06.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Цуврайн Вандант” гэдэг газар малчин Э-гийн 1 үхэр 2016.06.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

Үер, усанд боогдсон: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багийн Хайлаастын гудамжийн айл өрх, ногооны талбай хүчтэй усархаг бороо орсноос усанд автсан тухай дуудлагыг 2016.06.26-ны өдрийн 08:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч ажиллаж, 2016.06.26-ны өдрийн байдлаар нийт тус гудамжийн усанд автсан 4 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, ногооны талбайн усыг гадагшлуулж, сэтэрсэн далан шуудууг сэргээн засварлаж ажилласан.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн зөрчлийн 4, орон нутагт гал түймрийн 1, мэдээллийн 1 дуудлагатай байлаа. 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багт 4 ханатай  гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.25-ны өдрийн 16:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 албан хаагч ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top