Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Завхан, Говь-Алтай, Ховд, Увс, Дорногвь аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос 5-10 м/с, нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 28-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи хойноос 5-10 м/с. 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 7 дугаар сарын 1-нд нутгийн зүүн хагаст, 2, 3-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 4-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 1-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангийн тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Завхан аймгийн Идэр сумын “Идэр”-ийн голоор Швейцарийн холбооны улсын иргэн Б /69 настай, эрэгтэй/ 2016.05.24-ны өдөр завьтай аялалд гараад, хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Олон голын бэлчир” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд 2016.06.10-ны өдөр явж байснаас хойш сураггүй болсон тухай дуудлагыг 2016.06.21-ний өдрийн 14:20 цагт хүлээн авч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч 2016.06.21-ний өдрөөс 2016.06.24-ний өдөр хүртэл 300 км газарт, 2016.06.25-ны өдрөөс Булган аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч Сэлэнгэ мөрний усанд эрэн хайх ажиллагааг Хутаг-Өндөр сумаас Хялганат тосгон хүртэл нийт 160 км газарт, 2016.06.27-ны өдрийн 09:00 цагаас Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч Цагааннуур сумын Оргих багийн “Мойлт баян нуга” гэдэг газраас Сэлэнгэ мөрний усанд эрэн хайх ажиллагааг Орхон-Сэлэнгийн бэлчир хүртэл 120 км газарт  явсан. 2016.06.29-ний өдрийн байдлаар Орхон-Сэлэнгийн бэлчирээс ОХУ-ын хил хүртэл 20 км газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, шумбалт хийсэн.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Хонхор”-ын задгайд оршин суугч иргэн Н /21 настай, эрэгтэй/ тус багийн “Суу толгой” гэдэг газар Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.06.25-ны өдрийн 17:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, Цагдаагийн байгууллагаас 2 албан хаагч, орон нутгаас 43 иргэн, нийт 60 хүн эрэн хайх ажиллагааг 2016.06.29-ний өдрийн 09:00 цагаас 02:00 цагт тус сумын нутаг Суу толгой гэдэг газраас Орхонтуул сумын Өргөө гэдэг газар хүртэл нийт Орхон голын усанд 95 км газарт самналт, шумбалт хийсэн.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хөндий багийн “Хар-Ус” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км/ тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат иргэн Н /24 настай, эмэгтэй/ 2016.06.27-ны өдрийн 14:30 цагт Шишгэдийн голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.06.27-ны өдрийн 15:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч 2016.06.28-ны өдрийн 10:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.29-ний өдрийн байдлаар Шишгэдийн гол ус ихтэй, 500 метр газарт эрэн хайж, 16 удаа шумбалт хийсэн.

Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутагт тус сумын харъяат иргэн М /26 настай, эрэгтэй/, А /21 настай, эрэгтэй/ нар сонгууль өгөөд буцах замдаа тус багийн Цагдууртай голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.06.29-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, Булган сумын Гал унтраах, аврах 38 дугаар ангийн 7 албан хаагч, орон нутгаас 10 иргэн, нийт 22 хүн 2016.06.29-ний өдрийн 20:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж  тус багаас 10 км-ийн зайд “Билчир”-ийн гарамнаас иргэн М /26 настай, эрэгтэй/-н цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн нутагт байх “Тээг толгой” усан цахилгаан станцын хясаанаас хүрхээний усанд тус сумын харъяат иргэн М /26 настай, эрэгтэй/ унасан тухай дуудлагыг 2016.06.29-ны өдрийн 23:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж 2016.06.30-ны өдрийн 02:00 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, гэгээ гарахаар эрлийн ажиллагааг үргэлжлүүлэхээр болсон.

Ус шаварт саатсан: Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг гэдэг газраас аймгийн төв орохоор явсан УАЗ-469 загварын 86-77 УБР улсын дугаартай автомашин Буянт голд суусан байна гэсэн дуудлагыг 2016.06.29-ний өдрийн 07:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч ажиллаж эвдэрч, голд суусан явах боломжгүй байсныг 2016.06.29-ний өдрийн 14:00 цагт уснаас татан гаргаж аюулгүй болгосон.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Булштайн дэнж” гэдэг газар малчин Ш-ийн 30 хонь 2016.06.08-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн “Жаргалант” гэдэг газар малчин С-ийн 3 хонь, 2 хурганд 2016.06.22-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;   

Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн “Булгийн дэнж” гэдэг газар малчин Л-ийн суурьт 1 үхэр 2016.06.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Шар хүнгүй” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.06.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

Үер: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар багийн “Өнгөт” гэдэг газар хүчтэй аадар бороо орсны улмаас “Өнгөтийн гол” үерлэж Даланжаргалан сумын төв зам хаагдаж “Старекс” загварын автомашин голд суусан, голын 2 талд 21 автомашин, 68 хүн усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.29-ний өдрийн 17:18 цагт хүлээн авч Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сумын Гал унтраах, аврах 49 дүгээр ангийн 7 албан хаагч ажиллаж “Старекс” загварын УБЖ-41-30 улсын дугаартай автомашиныг татан гаргаж, голын усыг татарсны дараагаар усанд боогдсон автомашин, зорчигчдын хөдөлгөөнийг эхлүүлэн зохион байгуулан ажилласан.

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн “Дунд-Улиастайн ам” гэдэг газар хүчтэй аадар бороо орсны улмаас иргэн А-гийн гэр, мал “Верна” загварын автомашин усанд урссан, мөн тус багийн “Мараатын-Ам” гэдэг газар 3 айл өрх усанд автсан тухай дуудлагыг 2016.06.29-ний өдрийн 21:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч ажиллаж “Верна” загварын  автомашиныг татан гаргаж, усанд боогдсон айл өрхүүдийг хуурай газарт нүүлгэн шилжүүлсэн.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 2, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 2 мэдээллийн 1 дуудлагатай байлаа. 

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багт машин шатаж байна гэсэн дуудлагыг  2016.06.29-ний өдрийн 19:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 17 дугаар ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дугаар хороо, Нүхтийн амралтанд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.29-ний өдрийн 17:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч, нэмэлтээр Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 2 албан хаагч,  нийт 10 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.29-ний өдрийн 20:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Гор газ” ХХК-ийн байранд гал гарч  байна гэсэн дуудлагыг 2016.06.29-ний өдрийн 20:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top