Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал өнөөдөр Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар, Гамшгийн шуурхай удирдлагын газрын шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагч, онцгой байдлын хурандаа С.Даваасүрэн, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, онцгой байдлын хурандаа Д.Алтангэрэл, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хурандаа Ц.Бямбарагчаа нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Онцгой байдлын хурандаа М.Энх-Амар, С.Даваасүрэн нарын хувьд 50 нас хүрч байгаа бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал хэлсэн үгэндээ, “Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд хэрэгжүүлж, удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахад хувь нэмрээ оруулан идэвхи зүтгэлтэй ажиллаж байгаа та бүхэнд ажлын амжилтыг хүсэн ерөөе” гэж хэллээ.
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, онцгой байдлын хурандаа Д.Алтангэрэл “Зэвсэгт хүчин олон талт үүрэг гүйцэтгэх үед зайнаас тандан судлах технологийг ашиглах нь” сэдвээр, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хурандаа Ц.Бямбарагчаа “Мал аж ахуйг зудын эрсдэлээс хамгаалах өвс, тэжээлийг оновчтой нөөцлөх, тээвэрлэх асуудал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас төрсөн шинэхэн докторууддаа хандан ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, “гамшгаас хамгаалах асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх, зайнаас тандан судлах технологи, иновацийг онцгой байдлын салбарт нэвтрүүлэх, гамшгийн үе дэх хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт, гамшгийн дараах сэргээн босголт болон улсын нөөцийн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой судалгааны бүтээлүүд болсон” гэдгийг онцоллоо.
Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, онцгой байдлын хурандаа Д.Алтангэрэлийн хувьд 2006 оноос Батлан хамгаалах их сургуульд суралцаж, сүүлийн жилүүдэд гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах менежментийг боловсронгуй болгох, зайнаас тандан судлах технологийг ашиглах чиглэлээр судалгааны ажлууд туурвиж байгаа бол Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хурандаа Ц.Бямбарагчаа салбартаа олон жил ажиллаж байгаа бөгөөд мал аж ахуйг зудын эрсдэлээс хамгаалах, зудыг хэрхэн аюул, хохирол багатай даван туулах, гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламжийг боловсронгуй болгох асуудлаар дагнан судалгаа шинжилгээний ажлууд хийж байна.