Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Завхан аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй бороо орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн нутгаар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал:  3-5-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар  шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Завхан аймгийн Идэр сумын “Идэр”-ийн голоор Швейцарийн холбооны улсын иргэн Б /69 настай, эрэгтэй/ 2016.05.24-ны өдөр завьтай аялалд гараад, хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Олон голын бэлчир” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд 2016.06.10-ны өдөр явж байснаас хойш сураггүй болсон тухай дуудлагыг 2016.06.21-ний өдрийн 14:20 цагт хүлээн авч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч 2016.06.21-ний өдрөөс 2016.06.24-ний өдөр хүртэл 300 км газарт, 2016.06.25-ны өдрөөс Булган аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч Сэлэнгэ мөрний усанд эрэн хайх ажиллагааг Хутаг-Өндөр сумаас Хялганат тосгон хүртэл нийт 160 км газарт, 2016.06.27-ны өдрийн 09:00 цагаас Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч Цагааннуур сумын Оргих багийн “Мойлт баян нуга” гэдэг газраас Сэлэнгэ мөрний усанд эрэн хайх ажиллагааг Орхон-Сэлэнгийн бэлчир хүртэл 120 км газарт  явсан. 2016.06.30-ны өдрийн байдлаар Орхон-Сэлэнгийн бэлчир, нүхэн гүүрнээс Орос Монголын хил хүртэл 60 км газар /нийт 325 км/ явсан 22:00 цагт эрлийг түр зогсоосон.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Хонхор”-ын задгайд оршин суугч иргэн Н /21 настай, эрэгтэй/ тус багийн “Суу толгой” гэдэг газар Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.06.25-ны өдрийн 17:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, Цагдаагийн байгууллагаас 2 албан хаагч, орон нутгаас 43 иргэн, нийт 60 хүн эрэн хайх ажиллагааг 2016.06.30-ны өдөр тус сумын Шар-Ус  багийн Орхоны гүүрнээс, Хушаатын гүүр хүртэл 150 км, Суу толгой гэдэг газраас Хар хошуу гэдэг газар хүртэл усаар 80 км, Суу толгойгоос-Орхоны гүүр хүртэл 80 км нийт 310 км газарт самналт, хийж эрлийн ажиллагаа 22:40 цагт зогсоосон.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хөндий багийн “Хар-Ус” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км/ тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат иргэн Н /24 настай, эмэгтэй/ 2016.06.27-ны өдрийн 14:30 цагт Шишгэдийн голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.06.27-ны өдрийн 15:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч 2016.06.28-ны өдрийн 10:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.30-ны өдрийн байдлаар эргэн тойрон 1км газар, нийт 6 удаа 2, шумбалт хийн, голын 2 захаар завьтай урсаж эрэл хийгээд олоогүй усны гүн 4-9 метр, булингартай харагдах орчин муу эрлийг 21:30 цагт зогсоосон.

Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн нутагт байх “Тээг толгой” усан цахилгаан станцын хясаанаас хүрхээний усанд хүн унасан тухай дуудлагыг 2016.06.29-ний өдрийн 23:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж 2016.06.30-ны өдрийн 11:50 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж унасан газраас 5 км зайд иргэн М /35 настай, эрэгтэй/-ийн цогцсыг олж Цагдаагийн байгууллагад;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг /аймгийн төвөөс 30 км/ “Хар адуу” гэдэг газар тогтоол усанд хүүхэд осолдсон тухай дуудлагыг 2016.06.30-ны өдрийн 15:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч ажиллаж 2016.06.30-ны өдрийн 16:50 цагт усанд осолдсон Д /4 настай, эрэгтэй/, Д /6 настай, эмэгтэй/, Г /10 настай, эрэгтэй/-н цогцосыг уснаас гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.

Газрын хэвлийд эрэн хайх: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн М-ийн эзэмшлийн бичил уурхайд 7 хүн агааргүй орчинд унасан тухай дуудлагыг 2016.06.30-ны өдрийн 11:20 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн 14 албан хаагч ажиллаж уурхайн аман дээр агааргүйтсэн байдалтай хэвтэж байсан иргэн Ч /42 настай, эрэгтэй/, А /23 настай, эрэгтэй/, Т /22 настай, эрэгтэй/,  20 метрийн гүнтэй агааргүй уурхайгаас Г /42 настай, эрэгтэй/ нарыг гарган авч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, Л /42 настай, эрэгтэй/, А /40 настай, эрэгтэй/, А /22 настай, эрэгтэй, нарын цогцосыг 50 градусын налуутай 20 метрийн урттай агааргүйн амнаас гарган авч дүүргийн эрүүл мэндийн төвд тус тус шилжүүлэн өгсөн.

 

3.Аюулт үзэгдлийн талаар:

Үер, ус, шаварт саатсан: Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн “Солоон”-ы амны гарам Чигэстэй голын усанд 10-22 ЗАН улсын дугаартай автомашин урсах гээд байна гэсэн дуудлагыг 2016.06.30-ны өдрийн 10:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж 5 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-гийн эзэмшлийн “Suboru poristor” загварын автомашинийг уснаас татан гаргаж;

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шивэрт” амралтын хажууд 19-22 АРХ улсын дугаартай автомашин шаварт суусан тухай дуудлагыг 2016.06.30-ны өдрийн 08:30 цагт /хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 албан хаагч ажиллаж 8 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-гийн эзэмшлийн “Истана” загварын автомашинийг уснаас татан гаргаж;

Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн доод нарийний аманд Булган голд 79-88 ХОА улсын дугаартай автомашинтай суусан тухай дуудлагыг 2016.06.30-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч ажиллаж 8 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-гийн эзэмшлийн “УАЗ-469” загварын автомашинийг уснаас татан гаргаж;

Завхан аймаг Тэс сумын Зүр багийн Тэсийн голын усанд 97-52 УНХ улсын дугаартай суудлын автомашин усанд суусан тухай дуудлагыг 2016.06.30-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч ажиллаж иргэн Г-гийн эзэмшлийн “Subaru impeeza” загварын автомашинийг уснаас татан гаргаж тус тус аюулгүй болгосон.

 

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 2, орон нутагт гал түймрийн 3, зөрчлийн 1  дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд “Монс” өрхийн эмнэлгийн агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.30-ны өдрийн 15:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах, 10 дүгээр ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.30-ны өдрийн 19:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах, 26 дугаар ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.01-ний өдрийн 01:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах, 63 дугаар ангийн 7 албан хаагч,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.30-ны өдрийн 06:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах, 81 дүгээр ангийн 7 албан хаагч,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багт байшин  шатаж байна гэсэн дудлагыг 2016.06.30-ны өдрийн 17:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах, 27 дугаар ангийн 6 албан хаагч,

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Эмт багт байшин шатаж байна гэсэн дудлагыг 2016.07.01-ний өдрийн 06:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах, 12 дугаар ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top