Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төвийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 24-29 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 33-38 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 31-33 градус дулаан байна.

Төлөв байдал: 5,6-нд зарим газраар түр зуурын бороо, 7-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Хонхор”-ын задгайд оршин суугч иргэн Н /21 настай, эрэгтэй/ тус багийн “Суу толгой” гэдэг газар Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.06.25-ны өдрийн 17:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, Цагдаагийн байгууллагын 2 албан хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 28 хүн эрэн хайх ажиллагааг 2016.07.03-ны өдөр Шаамар сумын Дулаанхаан багийн нутаг Орхон, Ерөө голын бэлчирээс ОХУ-ын хил хүртэл 235 км усаар эрлийн ажиллагаа явуулж байна.

Увс аймгийн Баруунтуруун сумын Баянайраг багийн Дөрөө нуурын усанд иргэн Л /27 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.07.03-ны өдрийн 19:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 2016.07.04-ний өдрийн 07:00 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Сонсголон”-ийн гүүрний баруун талд Туул голын усанд хүн осолдсон тухай дуудлагыг 2016.07.03-ны өдрийн 13:31 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 8 албан хаагч ажиллаж, иргэн Э /29 настай, эрэгтэй/ усанд осолдсон байсныг цогсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд;

Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн нутаг “Хайрт” гэдэг газар /сумын төвөөс баруун урд 8 км/ Монгол-Росцветмет уулын үйлдвэрийн талбайд жонш олборлолтын нүхэнд тогтсон тогтоол усанд иргэн Б /23 настай, эрэгтэй/ унаж осолдсон тухай дуудлагыг 2016.07.03-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч ажиллаж, 2016.07.03-ны өдрийн 16:48 цагт цогцсыг гарган аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус тус шилжүүлэн өгсөн.   

3.Аюулт үзэгдлийн талаар:

Үер, ус, шаварт саатсан: Ховд аймгийн Булган сумын Баян-Судлал багийн “Доод наран” /сумын төвөөс 60 км/ гэдэг газар Булган голд иргэн Б-гийн 77-06 ХОҮ улсын дугаартай “Ландкурйзер”  загварын автомашин усанд суусан тухай дуудлагыг 2016.07.03-ны 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Булган сумын Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 38 дугаар ангийн 5 албан хаагч тус автомашиныг татан гаргахаар ажиллаж байна.   

4.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Цагаан шилүүстэй” /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/ гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.02-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 13 иргэн, нийт 25 хүн  ажиллаж байна.

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хуластай багийн “Суман-Гүн” /сумын төвийн урд зүгт 8 км/ гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.03-ны өдрийн 14:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 27 хүн ажиллаж, 2016.07.03-ны өдрийн 16:45 цагт түймрийг бүрэн унтраасан.

5.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1, зөрчлийн 5 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Скай их дэлгүүрийн дэргэд иргэн М-ийн 08-00 УНТ улсын дугаартай, “Иэсти” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.03-ны өдрийн 19:29 цагт хүлээн авч тус Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, 10 дугаар ангийн 6 албан хаагч ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top