1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Өмнөговь, Завхан аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, Алтайн уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн нутгаар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, түр зуурын бороо орно, дуу цахилгаантай, салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с. 26-28 градус дулаан байна.
Төлөв байдал: 3-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 4-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 5, 6-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Завхан аймгийн Идэр сумын “Идэр”-ийн голоор Швейцарийн холбооны улсын иргэн Б /69 настай, эрэгтэй/ 2016.05.24-ны өдөр завьтай аялалд гараад, хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Олон голын бэлчир” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд 2016.06.10-ны өдөр явж байснаас хойш сураггүй болсон тухай дуудлагыг 2016.06.21-ний өдрийн 14:20 цагт хүлээн авч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч 2016.06.21-ний өдрөөс 2016.06.24-ний өдөр хүртэл 300 км газарт, 2016.06.25-ны өдрөөс Булган аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч Сэлэнгэ мөрний усанд эрэн хайх ажиллагааг Хутаг-Өндөр сумаас Хялганат тосгон хүртэл нийт 160 км газарт, 2016.06.27-ны өдрийн 09:00 цагаас Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч Цагааннуур сумын Оргих багийн “Мойлт баян нуга” гэдэг газраас Сэлэнгэ мөрний усанд эрэн хайх ажиллагааг Орхон-Сэлэнгийн бэлчир хүртэл 120 км газарт явсан. 2016.07.01-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид Булган аймгийн Хангал суманд очиж 2016.07.02-ны өдөр дахин голоор урсаж эрэн хайхаар бэлтгэлээ хангасан. Мөн өдөр АТА-ын 1 албан хаагч, нислэг төвийн 2, “Сэлэнгэ тревл” ХХК-ийн 2 хүн, нийт 5 хүн Нислэгийн төвийн “ТУ-00903 кладиус автожир” загварын онгоцоор Булган аймгийн нутгаас Хөвсгөл аймгийн Их-Уул сум хүртэл эрэн хайх ажиллагааг 420 км газарт зохион байгуулсан.
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Хонхор”-ын задгайд оршин суугч иргэн Н /21 настай, эрэгтэй/ тус багийн “Суу толгой” гэдэг газар Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.06.25-ны өдрийн 17:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, Цагдаагийн байгууллагаас 2 албан хаагч, орон нутгаас 43 иргэн, нийт 60 хүн эрэн хайх ажиллагааг 2016.06.30-ны өдөр тус сумын Шар-Ус багийн Орхоны гүүрнээс, Хушаатын гүүр хүртэл 150 км, Суу толгой гэдэг газраас Хар хошуу гэдэг газар хүртэл усаар 80 км, Суу толгойгоос-Орхоны гүүр хүртэл 80 км нийт 310 км газарт самналт хийсэн. 2016.07.01-ний өдрийн байдлаар 170 км эрэн хайсан.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хөндий багийн “Хар-Ус” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км/ тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат иргэн Н /24 настай, эмэгтэй/ 2016.06.27-ны өдрийн 14:30 цагт Шишгэдийн голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.06.27-ны өдрийн 15:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч 2016.06.28-ны өдрийн 10:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.30-ны өдрийн байдлаар эргэн тойрон 1км газар, нийт 6 удаа 2, шумбалт хийн, голын 2 захаар завьтай урсаж эрэл хийгээд олоогүй усны гүн 4-9 метр, булингартай харагдах орчин муу эрлийн ажиллагаа үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 2016.07.01-ний өдөр зогсоосон.
3.Үер, ус, шаварт саатсан:
Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн нутаг Чигэстэй голд иргэн Г-гийн 62-56 ЗАА улсын дугаартай суудлын автомашин усанд суусан дуудлагыг 2016.07.01-ний өдрийн 18:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч ажиллаж 2 хүүхэд, 1 том хүнийг аюулгүй газарт гаргаж, автомашиныг татан гаргасан.
4.Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн зөрчлийн 6, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.
Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бармет” барилгын дэлгүүрийн гадна иргэн Б-гийн эзэмшлийн 90-73 УНВ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.01-ний өдрийн 12:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах, 20 дугаар ангийн 4 албан хаагч,
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг багт түлшний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.01-ний өдрийн 19:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
5.Техникийн холбогдолтой осол:
Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг “Морингийн даваа”-ны чиглэлд авто замын зорчих хэсэгт 20-32 УНВ улсын дугаартай суудлын автомашин, 45-42 УБӨ улсын дугаартай суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна тухай дуудлагыг 2016.07.01-ний өдрийн 12:56 цагт хүлээн авч тус нийслэлийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч ажиллаж иргэн Э /33 настай, эмэгтэй/, С /17 настай, эмэгтэй/ нар хөнгөн гэмтсэн тул эмнэлгийн байгууллагад, иргэн В /74 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан байсныг цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР