Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Төв аймгийн зарим газраар бороо орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон Төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 33-38 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс 7-12 м/с. 30-32 градус дулаан байна.

Төлөв байдал:  7-нд баруун аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо, 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 10-нд нутгийн төв хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд баруун болон төвийн нутгаар сэрүүснэ. Бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 35-40 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Хонхор”-ын задгайд оршин суугч иргэн Н /21 настай, эрэгтэй/ тус багийн “Суу толгой” гэдэг газар Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.06.25-ны өдрийн 17:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, Цагдаагийн байгууллагын 2 албан хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 28 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.07.05-ны өдрийн 16:30 цагт Суу толгойгоос 76 км-т байдаг “Оросын тохой” гэдэг газраас цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд 13 давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2016.07.05-ны өдрийн 15:04 цагт хүлээн авч тус нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч ажиллаж иргэн Х /36 настай, эмэгтэй/ цонхоор үсрэх гэж байсныг зогсоож Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2016.07.06-ны өдрийн 01:50 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч очиход иргэн Б /25 настай, эрэгтэй/ цонхоор үсрэх гэж байсныг Цагдаагийн байгууллагад,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд эмэгтэй хүн хүүхдээ цонхоор унагах гээд байна гэсэн дуудлагыг 2016.07.06-ны өдрийн 04:30 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч ажиллаж иргэн Б /28 настай, эмэгтэй/ согтуурсан үедээ хаалгаа дотроосоо түгжин хүүхдээ цонхоор шиднэ гэж ар гэрийнхэнтэйгээ маргалдаж байсныг аюулгүй болгож Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Ой, хээрийн түймэр:

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн “Хавирга-Өртөө” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.05-ны өдрийн 09:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 14 иргэн, нийт 26 хүн ажиллаж 2016.07.05-ны өдрийн 23:00 цагт цурманд оруулж, 03:20 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн. /Түймрийн нийт шатсан талбайн хэмжээ урьдчилсан байдлаар урт нь 45 км орчим, өргөн нь 40 км орчим/

Дорнод аймгийн Халхгол  сумын Ялалт багийн “Замынхудаг” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.04-ний өдрийн 15:18 цагт хүлээн авч орон нутгийн 16 иргэн, Матад суман дах газрын тосны “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 25 ажилчин, ХЦ-ийн 0306 дугаар ангийн 10 албан хаагч, нийт 51 хүн;

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн нутаг “Бортолгой” гэдэг газар /сумаас баруун урд зүгт 80 орчим км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.05-ний өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, Матад суман дах газрын тосны “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 25 ажилчин, нийт 32 хүн;   

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булан багийн “Гурваншанд” гэдэг газар /Сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан дуудлагыг 2016.07.05-ны өдрийн 20:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, Хилийн 7 дугаар заставын 4 албан хаагч, нийт 21 хүн;

Дорнод Баянтүмэн сумын Өлзийт багийн “Гурванулаан” гэдэг газар /Сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан дуудлагыг 2016.07.06-ны өдрийн 02:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 7 иргэн, нийт 19 хүн тус тус ажиллаж байна.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн зөрчлийн 1, орон нутагт гал түймрийн 4, зөрчлийн 3  дуудлагатай байлаа.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг 33-р байрны хойд талд иргэн Ц-гийн “Аванти” загварын 84-42 ДОА улсын дугаартай автомашин шатаж байна дуудлагыг 2016.07.05ны өдрийн 07:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р багийн 18-ын автобусны буудал дээр иргэн Э-гийн эзэмшлийн 40-11 СЭҮ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.05-ны өдрийн 14:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг багт гэр шатаж байна гэсэн дуудлага 2016.07.05-ны өдрийн 20:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 6 албан хаагч,

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон Шувуут багийн нутаг Хужиртын даваа өгсөх замд иргэн Я-гийн 79-52 ХӨВ улсын дугаартай “Хово” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.05-ны өдрийн 15:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 4 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top