Л.Отгонбаатар хоёр дахь түрүүгээ авлаа

20150705_MGL_LKHAGVASUREN-Otgonbaatar-MGL-1.jpg

Олон улсын жүдо бөхийн холбоо(IJF)-ны хөтөлбөрт алыан багтдаг “Чингис хаан” гран при тэмцээн энэ сарын 1-3-нд Буянт-Ухаа спорт цогцолборт боллоо. “Рио-2016” олимпын наадам дөхсөн тул дэлхийн шилдэг жүдочид хуруу дарам цөөн байлаа. Гэхдээ орон бүрийн залуучуудад тус тэмцээн өөрийгөө нээн харуулах боломж олгосон нь онцлог юм. Жүдо бөхөөр дэлхийд тэргүүлдэг Япон, ОХУ, БНСУ өсвөр, залуучуудын ДАШТ-ээс медаль хүртдэг залуу жүдочдоо илгээжээ. Манайх ч бас гол тамирчдаа нөөж, залуу жүдочдоо тэмцээнд сойсон юм. Ийнхүү энэ жилийн “Чингис хаан” гран прид 13 орны эрэгтэй 65, эмэгтэй 61 жүдоч хүч чадал, авхаалж самбаа, уран мэхийг уралдуулан барилдаж, гурван өдрийн турш бөхөд хайртай монгол түмнийг Буянт-Ухаа спорт цогцолборт “уяж” чадлаа.

Эрэгтэйчүүдийн 90 кг-д 10 жүдоч өрсөлдөв. Монголдоо төдийгүй дэлхийн дэвжээнд энэ жиндээ шилдэг амжилт үзүүлж буй ОБЕГ-ын харьяа “Аврагч” техник, спортын клубын тамирчин Жудо бөхийн ОУХМ Л.Отгонбаатар ОХУ-ын Е.Иванов, БНХАУ-ын Бүргэд нарыг дараалан цэвэр ялж, финалдсан юм.

Түүний хүчтэй өрсөлдөгч Г.Алтанбагана БНХАУ-ын Эрхэмбат, манай О.Цэцэнцэнгэл нарыг ялж, аваргын төлөө барилдаан. Отгонбаатар, Алтанбагана нар энэ жилийн УАШТ-д мөн финалдсан билээ. Энэ удаа дахин Л.Отгонбаатар өрсөлдөгчөө юүкогоор ялж, “Чингис хаан” гран прид хоёр жил дараалан аваргалав.

Тус жинд БНХАУ-ын Эрхэмбат, Азербайжаны Дадашов нар хүртэв.

scroll to top