Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, тэднийг бүртгэлжүүлж, үйл ажиллагааг тогтмолжуулах, эрх зүйн орчинг тодорхой хэмжээгээр бүрдүүлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны нийтлэг журам”-ыг боловсруулж, Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 34 дүгээр тушаалаар батлуулсан билээ.
Энэхүү журамд “Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны зааврыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална” гэж заасны дагуу “Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны заавар”-ыг ОБЕГ-ын даргын 2016 оны А/185 дугаар тушаалаар батлуулаад байна.
Уг заавар нь “Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэх, журамд тусгагдсан сайн дурын ажиллагааг зохион байгуулах ерөнхий арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, түүний дэс дараалал, холбогдох эрх зүйн баримт бичгийн загвар зэргийг нарийвчлан тодорхойлж, төв, орон нутгийн удирдлага, онцгой байдлын байгууллагад сайн дурын ажиллагааг зохион байгуулах гарын авлага, заавар, зөвлөмж болгоход чиглэж байгаа юм.
Орон нутгийн сайн дурын ажиллагааны хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, сайн дурын ажилтны ажлын чиг үүргийг боловсруулах, сайн дурынхныг бүртгэх, гэрээ байгуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, сайн дурын бүлэг, хэсэг байгуулах, түүний удирдлага зохион байгуулалт, багаж хэрэгсэл, сургалт дадлагыг төрөл, эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, сайн дурын хэсгийн хүлээх үүрэг, бэлэн байдын талаар тусгажээ.
Мөн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сайн дураар оролцох хүсэлтэй иргэд, олон нийтийн оролцоог хангах, ажиллах нөхцлийг хангах, сайн дурынхныг чөлөөлж, гэрээг цуцлах зэрэг үйл ажиллагааг хэрхэн аль байгууллага, албан тушаалтан хариуцан зохион байгуулах талаар ч тусгагдсан болно.
Энэхүү зааврыг НҮБХХ-ийн МОН13/301 төслийн техникийн дэмжлэгтэйгээр боловсруулсан Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Б.Баянмөнх, үнэтэй санал, зөвлөмж өгсөн ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хамт олон, Захиргааны удирдлагын газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Г.Цацрал болон бусад газар, хэлтсийн дарга, албан хаагчдад гүн талархал илэрхийлж ажилд нь амжилт хүсье.