Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам болон долоодугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр аюулгүй байдлыг хангаж, иргэдийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төв, орон нутгийн газар, анги байгууллагын 4200 гаруй албан хаагч 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах юм.
Иймд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхтэй холбогдуулан бие бүрэлдэхүүний ажлын хариуцлага, сахилга батыг чанд сахин, бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгов.