Баян-Өлгий аймагт үүссэн үерийн нөхцөл байдлын талаар Онцгой байдлын ерөнхий газраас шуурхай мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр нар хэвлэлийн бага хуралд оролцон сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг 50 минутаас /орон нутгийн цагаар/ хүчтэй аадар бороо, мөндөр 30 минут үргэлжлэн орсоны улмаас Өлгий сумын 1, 6, 9, 11 дүгээр багийн айл өрхүүд үерт нэрвэгдэж, 18 цаг 52 минутаас Онцгой байдлын газар, Өлгий сумын 42 хүн, 6 автомашин, 1 ковштой үерийн голомтод ажиллаж эхэлсэн.
Тухайн үед нурсан байшинд 1 хүн дарагдсан, 18 байшин нурсан, 110 орон байр, эд хөрөнгө усанд автсан, голын усанд 1 хүн боогдсон, 2 байрны дээврээс ус нэвтэрсэн мэдээлэл ирсэн.
Онцгой байдлын газраас оройн 22:00 цагт нурсан байшинд дарагдсан 3 хүнийг аварч, эмнэлэгт хүргүүлсэн. Усанд боогдсон 154 хүнийг авран хамгаалсан. Голын усанд боогдсон 1 өрхийн 5 хүнийг завиар аюулгүй газарт гаргасан. Үргэлжлүүлэн иргэдийн эд хөрөнгийг авран хамгаалах ажиллагаа явуулсан.
Хүчтэй аадар борооны үеэр Өлгий сумын 9 дүгээр багийн иргэн Дүйсений 3 настай хүүхэд устай нүхэнд унаж амь эрсдсэнийг Цагдаагийн газар шалгаж байна.
Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, Өлгий сумын 6, 9 дүгээр багийн цахилгааныг түр тасалсан. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн.
Аймгийн Онцгой комисс тухайн өдрийн 22:00 цагт хуралдаж, Онцгой комиссын гишүүд нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан.
Онцгой комиссоос яаралтай хариу арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Шийдвэрийн дагуу:
- Аврах ажиллагаанд Онцгой байдлын газраас 35 албан хаагч, 4 автомашин, Цагдаагийн газраас 100 албан хаагч, 6 автомашин, Цахилгаан шугам сүлжээний газраас 6 хүн, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангиас 20 албан хаагч, туулах чадвар сайтай ЗИЛ-131 маркийн 2 автомашин, зам засварын “Жол” ХК-наас 10 ажилчин, Камаз маркийн 1, ковш 1, цэвэр, бохир усны “Суат” компаны 8 ажилчин, авто кран 1, квош 1, хувь хүний 1 кран техник хэрэгслийг дайчлан ажиллуулж байна.
- 2016 оны 07 дугаар сарын 11-ний ѳдѳр Ѳлгий сумын 9 дүгээр багт Онцгой байдлын газрын 3 бүлэг, Ѳлгий сумын мэргэжлийн ангиийн бие бүрэлдэхүүн далан босгож, үерийн усыг Ховд гол руу урсгах 1 км гаруй шуудуу ухаж, усанд автагдсан болон нурсан блокон байшинтай айлуудын эд зүйлсийг үерийн голомтоос нүүлгэн шилжүүлсэн.
- 2016 оны 07 дугаар сарын 14-ний ѳдѳр аймгийн Онцгой комисс дахин хуралдсан. Урьдчилсан байдлаар Ѳлгий сумын 160 гаруй ѳрхийн 640 хүн нэрвэгдэж, аймгийн Онцгой комиссоос үерт нэрвэгдэгсдэд шинээр газар олгох, орон байргүй үлдсэн иргэдийг түр хоргодох байраар хангах, хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох зэрэг удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.
- Одоогоор үерт нэрвэгдсэн 104 өрхөд шинээр газар олгосон.
Эхний ээлжинд дээрх 640 хүнд хоол хүнсний туслалцаа нэн шаардлагатай байгаа боловч нөхцөл байдал аймгийн онцгой комиссын хяналтад байгаа талаар ОБЕГ-ын дарга бригадын генерал Т.Бадрал мэдээллээ.