Баян-Өлгий аймагт үүсээд байгаа үерийн гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу гамшгийн хор уршгийг яаралтай арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулах, хохирлын хэмжээг нарийвчлан тогтоохоор шуурхай ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.
Дөнгөж сая ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, тус аймагт ажиллаж байгаа шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон аймгийн Онцгой комиссын удирдлагатай шууд холбогдон видео хурал зохион байгуулж зарим үүрэг, чиглэлийг өглөө.
Иргэдээс болон аймаг, орон нутгаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссоос эхний ээлжинд 70 гэрийг олгохоор шийдвэрлэлээ. Хүмүүнлэгийн тусламжийг маргааш өглөө Баян-Өлгий аймаг руу гаргахаар ажиллаж байна.
Мөн ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон аймгийн Онцгой комисст хандан, үерийн гамшгийн дараа яаралтай авах арга хэмжээний нэг болох ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг яаралтай зохион байгуулахыг үүрэг болголоо.
Ариутгал, халдваргүйтгэлийн бодисын тооцоо судалгааг аймаг, орон нутгаас одоог хүртэл ирүүлээгүй байгааг анхааруулаад ариутгал, халдваргүйтгэлийн бодисын тооцоо судалгааг өнөөдрийн дотор ирүүлж, үерийн гамшгийн голомтод ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хоёр хоногийн дотор хийж дуусгах, нэн тэргүүнд шаардлагатай байгаа хүнс, хүнсний барааны судалгааг яаралтай ирүүлэхийг үүрэг болгосон юм. Энэхүү тооцоо, судалгааг үндэслэн хүмүүнлэгийн тусламжийг Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргахад бэлэн гэдгийг хэллээ. Харин тусламжийн барааг үнэн зөв хуваарилж, эзнээ олсон байх ёстойг анхааруулсан.
Аймгийн Онцгой комиссын өгч байгаа мэдээллээр аймгийн нөөцөд ариутгал, халдваргүйтгэлийн бодис 1 км-ийн өргөнтэй, 1.5 км-ийн урттай гамшгийн голомтыг хоёр өдөр ариутгах бодис байгаа юм байна.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, видео хурлын үеэр үерт өртсөн айл өрхүүдийн иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, жирэмсэн эх болон суурь өвчтэй иргэд, тав хүртэлх насны хүүхдийн судалгааг гаргаж тэдгээр иргэдийг эрүүл мэндийн байгууллага анхааралдаа авч эрүүл мэндийн үйлчилгээг тасралтгүй үзүүлэхийг чиглэл болголоо. Мөн үерт өртсөн 160 гаруй айл өрхийн 640 иргэнийг хоол хүнсээр хангах судалгааг гаргаж Улсын Онцгой комисст шуурхай ирүүлэхийг аймгийн Онцгой комисст анхааруулсан юм.
Онцгой байдлын ерөнхий газар, Улсын Онцгой комиссоос дээрхи иргэдийг эхний ээлжинд 10 хоног хүнсээр хангах судалгааг гарган Засгийн газарт танилцуулна гэдгийг хэллээ.