Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Төв, Өмнөговь, Өвөрхагай, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, баруун болон говийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар сэрүүсч 13-18 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор 26-31 градус,  сэрүүсч говь талын нутгаар 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос 8-13 м/с. Сэрүүсч 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал:  23-нд төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун аймгуудын нутаг, зүүн аймгуудын зүүн хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 24-нд нутгийн төв хэсгээр, 25, 26-нд нутгийн зүүн хагаст өдөртөө халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

 

Уснаас эрэн хайх: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг-Өндөр багийн Сэлэнгэ голд Х /66 настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 2016.07.14-ний өдрийн 14:50 цагт /15:20 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 10 иргэн, 2 автомашинтай нийт 18 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр, 2016.07.21-ний өдрийн байдлаар анх осолдсон газраас 18 км завьтай эрэн хайх ажиллагааг;

Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багийн нутаг /сумын төвөөс хойд зүгт 8 км/ “Отог” гэдэг газар Балж голын усанд иргэн Э /34 настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг  2016.07.21-ний өдрийн 11:57 цагт /12:23 цаг/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 6 иргэн 1 автомашин, 1 завьтай нийт 11 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулан тус тус ажиллаж байна.

Үер, ус, шаварт саатсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх, Сүх, Элст, Урандөш багийн 8 айл өрхийн гэр, хашаа, байшин, дэлгүүрт үерийн ус орсон тухай дуудлагыг 2016.07.21-ний өдрийн 14:00 цагт /14:30 цаг/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 албан хаагч, 2 автомашин, Мөрөн сумын мэргэжлийн ангиас 26 иргэн, 3 автомашин, нийт 51 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2 айлыг нүүлгэн шилжүүлж, 1 дэлгүүр, 3 айлын үерийн усыг хөөргөөр соруулж, 3 айлд суваг шуудуу татаж үерийн усыг зайлуулж аюулгүй болгосон.

Нийсэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрх гүүрний баруун талд Асем хотхоны хажууд Туул голын усанд  эмэгтэй хүн боогдсон гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 2016.07.21-ний өдрийн 17:00 цагт /04:49 цаг/ хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн М /38 настай, эмэгтэй/-г аюулгүй газарт гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдхүүнд шилжүүлэн өгсөн.

Өмнөговь аймгийн  Ханхонгор сумын 4 дугаар багийн нутагт иргэн Батсайханы эзэмшлийн 88-95 ӨМӨ улсын дугаартай “Портер” загварын автомашин үерийн усанд суусан тухай дуудлагыг 2016.07.21-ний өдрийн 22:00 цагт /07:00 цаг/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, уг автомашинийг татан гаргаж, зорчиж явсан 3 иргэнийг аюулгүй газарт гаргасан.

Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багын Хонгорын  ам гэдэг газар Цэцэрлэгийн голын усанд 5582 УНИ улсын дугаартай “Старекс” загварын автомашин суусан тухай дуудлагыг 2016.07.22-ны өдрийн 01:30 цагт /01:47 цаг/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, уг автомашинийг татан гаргаж, зорчиж явсан 12 иргэнийг аюулгүй газарт гаргасан.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Баянхонгор аймгийн Өлзийт сумын Байнхан багийн “Бөөгийн цагааны гол” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2016.07.20-ны өдөр  халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон.

 

3.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.

Нийсэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр гудамжийн 3 тоотод иргэн Х-н 6х10 хэмжээтэй агуулахын дээвэр, 98-25 УБН улсын дугаартай “Дэйвүү” загварын автобус  шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.21-ний өдрийн 12:08 цагт /17:28 цаг/ хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч;

Нийсэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 5 дугаар гудамжийн 127 тоотод иргэн Л-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.21-ний өдрийн 17:41 цагт /19:34 цаг/ хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч;

Нийсэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол 1 дүгээр байрны хойно байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.22-ны өдрийн 01:22 цагт /04:49 цаг/ хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч;

Нийсэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ТЭЦ-3 ТӨХК-ийн цахилгаан ил хувирлах байгууламжийн БТР-6 хэсэгт В фазын тосон трансформатор шатаж  байна гэсэн дуудлагыг 2016.07.22-ны өдрийн 02:37 цагт /04:49 цаг/ хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 15 албан хаагч;

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн 4 дүгээр хороо, 11 дүгээр гудамжийн 01 тоотод иргэн Г-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.21-ний өдрийн 17:13 цагт /17:30 цаг/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 39 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  Дулаан багийн 2 дугаар  гудамжийн 10 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.21-ний өдрийн 19:33 цагт /21:10 цаг/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.  

 

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top