Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи нутгийн баруун  хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар  16-21 градус, Увс нуур, Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсгээр  27-32 градус,  бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод өглөөгүүр үүлэрхэг,  бороо шивэрнэ, үдээс хойш үүл багасна,  бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11м/с. 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал:  24-нд баруун аймгуудын нутаг, зүүн аймгуудын зүүн хэсгээр, 25-нд баруун аймгуудын зарим, төвийн аймгуудын баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх хэсгээр, 27-нд нутгийн төв хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг-Өндөр багийн Сэлэнгэ голд Х /66 настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 2016.07.14-ний өдрийн 14:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 10 иргэн, 2 автомашинтай нийт 18 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр, 2016.07.22-ны өдрийн байдлаар анх осолдсон газраас 6 км завьтай эрэн хайх ажиллагааг;

Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багийн “Отог” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 8 км/ Балж голын усанд иргэн Э /34 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг  2016.07.21-ний өдрийн 11:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 6 иргэн 1 автомашин, 1 завьтай нийт 11 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулан тус тус ажиллаж байна.

Үер: Сонгинохайрхан дүүргийн 22, 31, 32 дугаар хороо, Хилчний 21 дүгээр гудамж, “Тахилт”-ын эцэст, “Хаадын зам” амралтын газрын хашаа, Мал бордох багийн хашаа, 1 дүгээр хорооллын арын автозам, “Туул”-ын 15 дугаар гудамжийн задгайд их хэмжээний ус орж ирээд байна гэсэн мэдээллийг 2016.07.22-ны өдрийн 15.20 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж усыг соруулж гаргасан.

3. Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Төв аймгийн Мөнгөнморьт сумын төвөөс баруун хойд зүгт 47 км-т 2016.07.22-ны өдрийн 13:45 цагт /У-48044/00//, Ө-107096/00/// 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байлаа.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн “Дэрст толгой” гэдэг газар малчин Ч-н 11 үхэр 2016.07.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Хорт салст халуурал” өвчин болох нь тогтоогдож  тус сумын Засаг даргын 2017.07.21-ний өдрийн А/61 дүгээр захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хорооны 16 дугаар байрны 2 дугаар орцны цахилгааны хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.22-ны өдрийн 15:18 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

 

 

Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Монел”-ийн 26 дугаар гудамжийн 602 тоотод иргэн А-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.22-ны өдрийн 15:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top