Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны дөрөвдүгээр бага хурал өчигдөр Булган аймагт боллоо. Тус хуралд 29 багийн 300 гаруй тамирчид оролцсон юм. Хурлаар ГУТОТС-ын холбооны зохион байгуулсан ажил, санхүүгийн тайланг танилцуулж, холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох талаар хэлэлцсэн.
Улмаар ГУТОТС-ын удирдах зөвлөлийн 9 гишүүнийг 11 байхаар өөрчилж, холбооны ерөнхийлөгчөөр бэлтгэл хурандаа Я.Ишжамцыг 100 хувийн саналаар дэмжин сонголоо.
Мөн энэ үеэр ГУТОТС-ыг хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулсан үе үеийн ахмадууд болон тамирчид, алба хаагчдыг шагнаж урамшуулсан юм.
Хурлын үйл ажиллагааны дараа анхдагчдын өлгий нутаг Булган аймаг болон Булган аймгийн Онцгой байдлын газрын танилцуулга, тус аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид, Онцгой байдлын газрын алба хаагчдын хамтарсан тоглолтыг зочид төлөөлөгчдөд сонирхуулж, Цогт Хун Тайжийн гэрэлт хөшөөний өмнө дурсгалын зураг татууллаа.
Тэмцээний хөтөлбөрийн дагуу баг тамирчид, шүүгчид тэмцээний орчин, техник хэрэгсэлтэй танилцаж тэмцээнийг зохион байгуулах асуудалтай холбоотой техникийн зөвөлгөөнийг мөн өдөр хийсэн.
Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн өнөөдөр Булган аймагт эхэлж байна.