Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 95 жилийн ой Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давж, Улсын начин цол хүртсэн Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн сум дахь Гал унтраах аврах 53 дугаар ангийн албан хаагч, Онцгой байдлын дэслэгч Д.Анарыг өнөөдөр ахлах дэслэгч цолоор шагналаа. Цолыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал гардуулж өгсөн юм.
Мөн энэ үеэр Рио-2016 олимпид эх орноо төлөөлөн оролцож буй Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” спорт хорооны тамирчин Ц.Цогтбаатар, Л.Отгонбаатар нарт Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал амжилт хүсч, албаны зүгээс өгч буй урамшууллыг дасгалжуулагч багш Ц.Шийрэвт гардуулсан юм. Тэгэхдээ “Олимп эхлэх өдрөөс л бид хэд чинь та нарыгаа хараад суучихна шүү дээ. Ямар ч байсан медальтай ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.